Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.
Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар болон "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төслийн хамтарсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Баянхонгор аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулах нөхцөл, боломжийг судалж, санал боловсруулах, Ерөнхий боловсролын 11 дүгээр ангийн сурагчид болон ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нарт “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулах зөвлөлдөх уулзалтыг тус тус хийлээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Норов, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өсвөрийн парламент-2021 хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд оролцов. Зөвлөлдөх уулзалтыг нээж Баянхонгор аймгийн ИТХ-ын Хурлын дарга Э.Энхбат үг хэлж, ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Норов ИТХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө, УИХ-ын Тамгын газрын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд “Хууль тогтоомжийг сурталчлах туршилтын төв”-ийг байгуулах талаар мэдээлэл өгсөн бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Д.Уянга Парламентын боловсрол хөтөлбөр, төслийн хүрээнд цаашид хийх ажлын талаарх мэдээллийг өглөө.
Ажлын хэсэг “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгуулах боломжтой өрөө танхимтай танилцаж, тус танхимаар дамжуулан иргэдэд УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомжийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэж байх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )