“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээ боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Ковид-19 цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлоод “Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээсэн бүсгүйчүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье” хэмээв.

“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил, Гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэйчүүд оролцсон юм.

“Эх орон ард түмнийхээ төлөө үүрэг хүлээх цагт гэртээ орж гэргий болох сөхөөгүй, үрдээ очиж ижий байх эрхгүй шахам, амьдрал-үхэл цаг минутаар дэнсэлсэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн мянга мянган ээжүүд, эхнэрүүдийн төлөөлөл бол та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин төдийгүй, монголчууд бид ямар хүнд өдрүүдийг ардаа үдсэнийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь та нар маань. Өндөр төрдөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн цуцашгүй дайчин бүсгүйчүүддээ Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шар түвшинд шилжсэн энэ цаг үед хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг билээ” хэмээн Шадар сайд С.Амарсайхан тодотголоо

Энэ үеэр эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн салбарын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр яам, агентлагийн болон бусад газрын шагналаар шагнаж урамшууллаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top