Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах ёслол боллоо

2022 оны 03 сарын 07

НЗДТГ-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол болж, их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа.

Гурав дахь жилдээ  зохион байгуулж буй хүндэтгэлийн ёслолыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж, “Нийслэл хотын эмэгтэйчүүд үеийн үед, цаг цагийн хөгжилд соёл урлаг, хөгжлийн хувьслын тэргүүлэгчид байсан. Нийслэлд нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байна. Хүүхдээ асарч хүмүүжүүлж, гэр бүлээ өөд татахын хажуугаар улс орныхоо хөгжилд боловсролтой, мэдлэгтэй, бүтээлч хойч үеийг төлөвшүүлэн өгч, өөрсдөө ч манлайлан хөдөлмөрлөж байгаа нь бахархал юм” хэмээн өгүүлсэн юм.  

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг дараах номинациар шалгарууллаа.  

  1. “Энхийн төлөө” номинаци-Баяраагийн Уранчимэг
  2. “Нийгмийн салбарын шилдэг” номинаци-Алтангэрэлийн Одончимэг
  3. “Бизнесийн салбарын шилдэг” номинаци-Цэндийн Зэс-Эрдэнэ
  4. “Спортын салбарын шилдэг” номинаци-Мөнхжанцангийн Анхцэцэг
  5. “Боловсролын салбарын шилдэг” номинаци-Дөрвөлжингийн Оюунцэцэг
  6. “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинаци-Жалбуугийн Соёл
  7. “Алдарт эх” номинаци-Дамдинжавын Оюумаа
  8. “Үйлчилгээний салбарын шилдэг” номинаци-Долгорын Эрдэнэжаргал
  9. “Соёл урлагийн салбарын шилдэг” номинаци-Батцэнгэлийн Одончимэг нар тус тус шалгарав.

“Энхийн төлөө” номинацийн эзэн Б.Уранчимэг нь 1998 оноос одоог хүртэл 24 жил тасралтгүй зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй. 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын Цэргийн багийн хоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын 150 дугаар ангид нууцын дарга, архивын эрхлэгч албан тушаалтай бөгөөд тус  ангийн Тэргүүний эмэгтэй энхийг сахиулагч  нарын нэг юм. Б.Уранчимэг “Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохиож буй онцлог жил тохиож байна. Энэ сайхан онд хотын шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсандаа баяртай байна” гэсэн юм.

“Нийгмийн салбарын шилдэг” номинацийн эзэн А.Одончимэг нь “Монгол Жангүм” нэрээр олонд алдаршсан. Тэрбээр 25 жилийн турш  өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд өрхийн орлогоосоо илүүчлэн 2832 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 324 нярайд баривч оёж бэлэглэсэн төдийгүй өрх толгойлсон 48 ээж, аавд гэр өгчээ. Сүүлийн таван жилд Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдэд хоол хүнс, хувцас, бээлий, маскаар туслах болжээ.  Мөн Баянхонгор аймгийн Шаргалжуут сувилалд 25 жил саажилттай хүүхдүүдэд үнэгүй байр, хоол, тэргэнцэр, хувцас, памперс, тоглоомоор үйлчилж ирсэн байна. Түүний хөтөлдөг “Монгол Жангүм” фэйсбүүк хуудас эдүгээ 89 мянган дагагчтай. Шагнал гардах мөчдөө А.Одончимэг “Би нийслэлийн иргэн болоод нэг жил болж байна. Ийм сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэ сайхан шагнал бол Нийслэлийн Засаг даргын зүгээс ээж хүн, эмэгтэй хүний нөр их ажлыг үнэлсэн анхны шагнал байлаа. Монголын үрсийн бие нь эрүүл, ухаан нь саруул байх болтугай” хэмээн ерөөлөө.

“Бизнесийн салбарын шилдэг”-ээр шалгарсан Ц.Зэс-Эрдэнэ айлын тав дахь хүүхэд бөгөөд төрөхийн хүндрэлээс үүдэн саажилттай болж, таван нас хүртлээ алхаж чаддаггүй, ээрч ярьдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хөгжлийн бэрхшээлийг аав ээж, ах эгч нарынхаа тусламжаар даван туулж,  117 дугаар цэцэрлэгт эрүүл хүүхдүүдтэй хамт суралцан, 2000 онд “Ирээдүй цогцолбор” сургуульд бага ангиа дүүргэж, 2010 онд 81 дүгээр сургуулийг төгссөн байна. 2011 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцан бакалаврын боловсрол эзэмшиж, 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.  Хөгжлийн бэрхшээлтэй учир ажилд орж чадахгүй байсан тул “Зэс брэнд” гар урлал хийн,  бизнесээ эхэлж байсан бол өдгөө олон хүнийг ажлын байраар хангадаг үндэсний брэнд бүтээгч болжээ.  “Зэс брэнд” монгол дарханы гараар урласан алт, мөнгө, монет, зэс гэх мэт тоноглолтой бүтээгдэхүүн гаргахаас гадна гаднын улс орнуудаас гоёлын тоноглолуудаа захиалан авч ирж, эх орондоо угсардаг байна. Түүнчлэн тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг ажлын байраар хангах зорилготой. Ц.Зэс-Эрдэнэ дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэнэ гэж “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын тайзан дээр амласан юм.

“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг нь дэлхийн аваргын хошой хүрэл медальт, дэлхийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин юм. Тэрбээр  Улаанбаатар хотын уугуул бөгөөд 10 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Анх 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, амжилтын буухиагаа эхлүүлжээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна. М.Анхцэцэг  Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн шилдэг тамирчин билээ. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс бөгөөд  М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн юм.

“Боловсролын салбарын шилдэг” номинацид шалгарсан Д.Оюунцэцэг нь Монголын анхны хувийн сургууль болох “Хобби” сургуулийг үүсгэн байгуулсан бөгөөд боловсрол, соёл, урлагийн салбарт  28  жил тасралтгүй ажиллажээ. Тус сургуулийн  жил бүрийн төгсөгчдийн 70 гаруй хувь гадаадын их, дээд сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилга авдаг байна. Д.Оюунцэцэг 1971 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, 1976 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн байна. Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль, МУИС, СУИС-д  багш, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Түүнчлэн 1976 оноос хойш өнөөг хүртэл олон тооны өгүүлэл хэвлэлд нийтлүүлж, улсын хэмжээний дуу хөгжмийн уралдаанд шүүгчээр, урлагийн хэд хэдэн байгууллагад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй эрдэмтэн, судлаач юм. Д.Оюунцэцэг хүндэтгэх шалтгааны улмаас ёслолд оролцож амжаагүй тул Хобби сургуулийн нийгмийн ажилтан Ж.Майцэцэг шагналыг гардан авсан. 

“Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид шалгарсан Ж.Соёл Aнагаах ухааны коллеж, ЭМШҮИС-ийг төгсөж, эрүүл мэндийн салбарт хүний их эмч мэргэжлээр  18 дахь жилдээ ажиллаж байна.  Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Амгалан амаржих  газарт ажилласан бөгөөд өдгөө ЭХЭМҮТ-д  ковид эмчилгээний тасагт  ажиллаж байна.  Ажиллах хугацаандаа  6485 ээжийг эсэн мэнд амаржуулж,  2800 гаруй мэс засал, 2300 гаруй бусад ажилбарыг гардан гүйцэтгэсэн байна. 2019 оноос одоог хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хамт олонтойгоо мөр зэрэгцэн зүтгэж буй юм.  2021 оны арваннэгдүгээр сараас Ковид эмчилгээний тасгийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэн,  энэ  хугацаанд  1200 гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээг  амжилттай үзүүлсэн байна. Мөн ковидын үеийн ажлын байрны сургалтад тогтмол хамрагдсаны сацуу цар тахлын нөхцөлд хэрхэн ажиллах талаарх сургалт явуулж буй аж.

Алдарт эх” номинацийн эзэн Д.Оюумаа Архангай аймгийн Хангай сумын уугуул, айлын долоо дахь охин бөгөөд өдгөө долоон хүүхдийн ээж юм. Тэрбээр нярав, нягтлан бодогчийн мэргэжилтэй,  “Жагар интернэшнл” ХХК-д үйлдвэрийн цех болон “Нарантуул” ОУХТ-д тус тус ажиллаж байжээ.

2007 онд том хүү Н.Баянмонголыг төрүүлсэн бол түүнээс хойш гурван удаа ихэр хүүхэд төрүүлжээ. 2014 онд анхны ихэр Энхнамар, Энхнаранг, 2017 онд дунд ихэр Эрхэс, Мичид нарыг,  2021 онд бага  ихэр болох Мөнхдөл, Минжин нарыг төрүүлсэн байна. Нөхөр С.Нямсайхан  “Миний хань хичээнгүй, сайхан сэтгэлтэй. Ханьдаа болон Монголынхоо ээжүүд, эмэгтэйчүүд, охид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэлээ.

“Үйлчилгээний салбарын шилдэг” номинацид шалгарсан Д.Эрдэнэжаргал нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазад троллейбусны  жолоочоор ажилладаг. 2010 онд анх “Сутайнбуянт” ХХК-д кондуктороор орж, нийтийн тээврийн салбарт ажиллаж эхэлсэн бол 2012 оноос жолоочоор ажиллах болсон байна. Харин 2014 оноос одоог хүртэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн хоёрдугаар баазад троллейбусны жолоочоор ажиллаж байна. Тэрбээр 2015 онд “Нийтийн тээврийн аварга”,  2016, 2018 онд шилдэг жолоочоор шалгарч,  Зам, тээврийн яамны жуухаар шагнуулж, 2021 онд “Онц тээвэрчин”,  2021 онд “Залуу аварга” жолоочоор шалгарч, хошой залуу аварга жолооч болсон тус компанийн шилдэг ажилтнуудын нэг юм. Д.Эрдэнэжаргал “Манай компани нийт 600 гаруй жолоочтойгоос 21 нь эмэгтэй. Тэднээсээ болон салбарын эмэгтэйчүүдээсээ шилдэгт шалгарсандаа, эмэгтэй хүн нийтийн тээврийн жолооч хийж чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна” гэлээ.

“Соёл урлагийн салбарын шилдэг” номинацийн эзнээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг шалгарлаа. Тэрбээр Улаанбаатар хотод төрж, өссөн, хотын унаган иргэн юм. Тэрбээр 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Анх тайзнаа Буротиногийн дүр бүтээж байснаас хойш “Яаж амьдрах юм бэ” жүжгийн Маша, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шагай гүнж, "Кихот ноён" жүжгийн Буурчийн газрын бүсгүй, "Би эндээс явахгүй" жүжгийн Сэржмаа, "Анна Каренина" жүжгийн Бэтсигийн найз гэхчлэн олон сайхан дүрийг чадварлаг бүтээжээ. Тэрбээр тайзны бүтээлээс гадна дэлгэцийн олон бүтээлд олны сэтгэлд үлдсэн дүрүүдийг бүтээсэн.  Б.Одончимэгийн өвөө нь МУГЖ Улаанхүүгийн Осор гуай юм. Удам дамжсан авьяаслаг жүжигчин бүсгүй өнгөрсөн онд Баянгол дүүргийн шилдэг эмэгтэйгээр шалгарч байсан бол энэ удаад их хотын шилдэг бүсгүйчүүдийн нэг боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top