АНУ, Их Британий шинэ хоригтой зэрэгцэн газрын тосны үнэ 133 ам.доллар болж ӨСЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагааны хариуд АНУ, Их Британи улсууд  тус улсаас авах газрын тос, байгалийн хийн импортдоо хориг тавьсныг Forbes уламжиллаа.

Жо Байдены хэлсэн үгийг Цагаан ордны YouTube сувгаар цацсан бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдлийг тус улсын Засгийн газрын цахим хуудаснаа нийтэлжээ.

Жо Байден хэлсэн үгэндээ АНУ-ын холбоотнууд бүгд энэ хоригт нэгдэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Европ дахь  ОХУ-аас хамаарах  эрчим хүчний хараат байдлыг бууруулах урт хугацааны стратегийг талууд хамтран  боловсруулж буйг онцолсныг мэдээлэлд дурджээ.

Цагаан ордны цахим хуудаст энэ долоо хоногийн мягмар гараг буюу өчигдөр нийтэлсэн мэдэгдэлдээ “АНУ нь ОХУ-ын газрын тос, газрын тосны зарим бүтээгдэхүүн, байгалийн хий, нүүрсний импортыг хориглосон зарлигтаа Жо Байден гарын үсэг зурна” хэмээн онцолжээ.

Мөн Жо Байден “ОХУ-ын эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалт хийхийг АНУ хориглодог. Тус улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж буй гадаадын компаниудыг санхүүжүүлэхийг хориглодог.  ОХУ-аас  Украинд явуулж буй  "цэргийн ажиллагаа" нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны  үнэ өсөхөд хүргэж байгаа ч, АНУ-ын газрын тос, байгалийн хийн  үйлдвэрлэгчид, компаниуд үнээ хэт их өсгөж, зардлаа худалдан авагчид, хэрэглэгчдэд үүрүүлэх шалтгаан болох ёсгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тодотгоход, АНУ, Их Британий шинэ хоригтой зэрэгцэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин өссөн. Брент төрлийн тосны үнэ баррель нь 133 ам.доллар болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top