Хэвлэлийн хүрээлэн нь 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өдөр тутмын сонин, телевиз, болон Фейсбүүк, Твиттерт түгээсэн сонгуультай холбоотой мэдээллийн төрөл, шинж чанарын судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн билээ.
Энэ мониторингийн дүнг танилцуулах "СОНГУУЛЬ БА ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ" сэдэвт цахим танилцуулага 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Хэвлэлийн Хүрээлэнд боллоо.
Судалгааны үр дүнгээс харахад хоёр сонгуулийн аль алинаар төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл давамгайлж байсан. Үүнээс гадна худал мэдээллийг олон хүний анхааралд хүргэх зорилгоор тогтсон арга техник ашиглаж байгаа, мөн мэдээллийн гуйвуулгын тодорхой хэлбэрээр дагнан ажилладаг хуудас хүртэл бий болсныг мониторингоор баримтжуулав.
Нийгмийн мэдээллийн сүлжээний мониторинг
Уг судалгааг Монголд хамгийн түгээмэл ашиглаж буй нийгмийн мэдээллийн сүлжээ болох Фейсбүүкт хамгийн олон дагагч, гишүүдтэй 23 хуудас, группийг түүвэрлэн үнэлгээ хийв.
ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд дээрх сувгуудаар түгээсэн нийт 2500 нэгж мэдээллээс сонгуультай шууд хамаарал бүхий хамгийн олон хүнд хүрсэн 1000 нэгж мэдээллийг түүвэрлэн шинжилгээнд хамруулсан.
Сонин, телевизийн мониторинг
2020 оны ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд өдөр тутмын хоёр сонины 20 дугаар, орон нутгийн 7 хоног тутмын гурван сонины 9 дугаарт нийтлэгдсэн сонгуультай холбоотой нийт 67 ширхэг нэгж мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.
Хүснэгт 1. Судалгаанд хамруулсан сонинуудын дугаар, сонгуультай холбоотой нэгж мэдээллийн тоо
№ |
Сонины нэр |
Сонины дугаарын тоо |
Сонгуультай холбоотой нэгж мэдээллийн тоо |
1 |
Өглөөний сонин |
10 |
23 |
2 |
Өнөөдөр |
10 |
19 |
3 |
Архангайн амьдрал |
3 |
8 |
4 |
Завхан |
3 |
7 |
5 |
Хэнтийн мэдээ |
3 |
10 |
|
|
|
|
Нийт |
29 |
67 |
Түүнчлэн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд өргөн нэвтрүүлгийн доорх хоёр телевизээр түгээсэн нийт 30 мэдээллийн хөтөлбөрийн 85 нэгж мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
Хүснэгт 2. Судалгаанд хамруулсан телевизүүдийн сонгуультай холбоотой мэдээний тоо
№ |
Телевизийн нэр |
Мэдээллийн хөтөлбөрийн тоо |
Сонгуультай холбоотой мэдээний тоо |
1 |
МҮОНТ |
15 |
32 |
2 |
ТВ-9 |
15 |
53 |
Нийт |
30 |
85 |
Дүн шинжилгээний шалгуур:
Сонин, телевизийн мониторингийн хүрээнд тоон болон чанарын мэдээллийг дараах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бүрдүүлэв.
Тоон хэмжүүр:
Чанарын хэмжүүр:
Цаг үеийн мэдээллийн хэрэгслийн Фейсбүүк хуудсаар түгээсэн мэдээллийн 30 гаруй хувь нь ил болон далд сурталчилгаа байв
Судалгаанд хамруулсан 1000 нэгж мэдээллийн 28 хувь нь цаг үеийн мэдээллийн хэрэгслийн албан ёсны Фейсбүүк хуудсаар, 72 хувь нь бусад хуудас, группүүдээр түгээгджээ. 2020 оны ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр цаг үеийн мэдээллийн хэрэгслийн албан ёсны хуудсаар түгээсэн агуулгын 28 хувь нь далд сурталчилгаа, хувь хүний үзэл бодол болон төөрөгдүүлсэн худал, бүрэн бус мэдээлэл байв. Энэ нь УИХ-ын сонгуулийн үеийнхээс 9 хувиар бага байв. Харин сонгуультай холбоотой цаг үеийн мэдээлэл, сонгогчийн боловсролд зориулсан агуулга бүхий сэтгүүл зүйн бүтээлийн хэмжээ УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеийнхээс 23 хувиар илүү байсан бол албан ёсны лого, тэмдэглэгээ бүхий сонгуулийн сурталчилгаа 2-3 дахин бага буюу 7 хувь байв.
График 1. Цаг үеийн мэдээллийн хэрэгслийн фейсбүүк хуудсаар түгээсэн бүх мэдээллийн төрөл (УИХ болон ИТХ сонгуулийн үед)
УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр цаг үеийн мэдээллийн хэрэгслээр нийгмийн сүлжээнд түгээсэн мэдээллийн 22 хувь нь сонгогчийн боловсролтой холбоотой байсан бол ИТХ сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр ийм төрлийн мэдээллийг 3 дахин бага түгээсэн байна. Мөн УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн бодлого амлалт, нэр дэвшигч, улстөрчийн амжилт гавъяа, сайн үйл, хөрөнгө бизнес, санхүүгийн нөхцөл байдал, эдийн засгийн ашиг сонирхлын тухай мэдээлэл илүү их гарсан бол ИТХ-ын сонгуулиар сонгуулийн үйл явц хийгээд гэмт хэрэг, зөрчил, алдаа, буруу үйлдэл, улс орон нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар түлхүү мэдээлжээ.
ЭРЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧ, УЛС ТӨРЧДИЙН ТУХАЙ ХОЁР ДАХИН ИЛҮҮ МЭДЭЭЛЭВ
Цаг үеийн мэдээллийн хэрэгслийн Фейсбүүк хуудсаар ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр түгээсэн нийт мэдээллийн 62 хувьд нь хэн нэгэн нэр дэвшигч, улс төрчийн тухай дурдсан байна. Нэр дурдагдсан байдлыг хүйсээр авч үзвэл 40 хувьд эрэгтэй, эмэгтэй аль алиныг, 57 хувьд нь зөвхөн эрэгтэй, 3 хувьд нь зөвхөн эмэгтэй нэр дэвшигч, улс төрчийн талаар шууд болон шууд бусаар хамаатуулан дурдсан байв.
Мөн цаг үеийн мэдээллийн хэрэгслээр нийгмийн мэдээллийн сүлжээнд хамгийн олон хүнд хүрсэн 10 мэдээллийн гарчигт Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хоёр удаа, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Т.Доржханд улстөрч С.Эрдэнэ, Б.Пүрэвдагва, Э.Батшугар нарын нэр тус бүр нэг удаа дурдагдсан бөгөөд бүгд эрэгтэй улстөрчид, нэр дэвшигчид байв.
ГУРВАН МЭДЭЭЛЛИЙН НЭГ НЬ ХЭН НЭГНИЙГ ДӨВИЙЛГӨХ ЭСВЭЛ ГУТААХ ЗОРИЛГОТОЙ БАЙВ
Цаг үеийн мэдээллийн хэрэгслээр нийгмийн мэдээллийн сүлжээнд түгээсэн агуулгын 14 хувь нь бусдын нэр хүндийг унагаах, гутаах зорилготой байсан бол нэр дэвшигч нам, эвслийг дөвийлгөх зорилго бүхий агуулга ойролцоо буюу 15 хувь байв. Өөрөөр хэлбэл мэдээллийн сайтуудын хуудсаар нийтэд түгсэн мэдээллийн 30 хүртэлх хувь нь хэн нэгэн улстөрч нам эвслийг дөвийлгөх эсвэл эсрэгээрээ бусдыг гутаах сөрөг агуулга байв.
ЭРХ БАРИГЧДЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ДАВАМГАЙЛАВ
Аль нэг нам, эвслийн нэрийг дурдсан агуулгатай мэдээлэлд Монгол Ардын Нам болон Ардчилсан намын нэр харьцангуй олон давтагдсан юм. Бусад нам, эвслээс ХҮН, МАХН, ШИНЭН-ыг илүү олон дурджээ.
ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр эмэгтэй нэр дэвшигчдийн талаар дурдахдаа УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеийнхээс хоёр дахин бага өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )