Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ

2022 оны 03 сарын 11

Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181.3  км авто замын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис,  Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэллээ.  Гуравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтан өргөн хүрээний цэвэрлэгээ хийх юм. Их цэвэрлэгээнд оролцож буй ажилтнууд дараах мэдээллийг өглөө. 

Тохижилт үйлчилгээний албаны  мэргэжилтэн Б.Мөнхцооз:

-Цэвэрлэгээний ажилд тохижилт үйлчилгээний ажилчдаас гадна инженер техникийн ажилтнууд, захиргааны албан хаагчид хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийт ажилтнууд маань үндсэн есөн байршилд хуваагдан ажиллаж буй юм. Нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал, өндөрт байрлсан хөшөө дурсгалыг угаахдаа зориулалтын машин техникийг ашиглаж байна. Түүнчлэн манай ажилтан, ажилчдын санаачлагаар зарим нэгэн машин техникт нэмэлт төхөөрөмж суурилуулан амар хялбар аргаар цэвэрлэгээг хийж эхлээд байгаа. Гудамж замын хайс хашлага, сандлыг өвлийн улиралд цөөн удаа цэвэрлэдэг бол урин дулааны улиралд долоо хоног тутамд цэвэрлэдэг.

Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн мастер С.Жаргалсайхан:

-Би 2014 оноос хүртэл Хот тохижилтын газартаа найм дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан ажилтан ажиллагсдаа бригад болгон хувааж их цэвэрлэгээний ажил хийж байна. Манай бригадын хувьд 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэхүү их цэвэрлэгээг сар тутамд тогтмол хийдэг. Мөн шинэ жил цагаан сарын үеэр хотын өнгө үзэмжийг сайжруулахад анхаардаг. Ердийн цэвэрлэгээг бол өдөр болгон хийж байгаа. Сүүлийн үед цэвэрлэгээний тоног төхөөрөмж, техник сайжирч, хүмүүсийн хандлага ухамсар ч дээшилж байгаа болохоор цэвэрлэгээ хийхэд хүндрэл харьцангуй бага байдаг. Иргэдэд хандаж хэлэхэд хог хаягдлаа хогийн саванд хийж,  манай Хот тохижилтын газраас өрнүүлж буй “Би хоггүй” аянд идэвхтэй оролцоорой гэж хүсье гэлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга Ц.Гансүх:

-Манай байгууллагын зүгээс жил бүрийн хавар цагт цас ханзарч, газар бараантсаны дараа түүвэр цэвэрлэгээ хийдэг. Хотын төвийн хог цэвэрлэгээ хийдэг үйлчлэгчдээс гадна хогийн цэгт ажилладаг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 51 албан хаагч түүвэр цэвэрлэгээнд оролцож байгаа. Манай бригадын тухайд Офицеруудын ордноос Зүүн дөрвөн зам хүртэлх талбайд их цэвэрлэгээ хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны тухайд ХАБ-ын зааварчилгааг өгч, нийт ажилчдынхаа багаж хэрэгсэл, хамгаалалтын хувцас, аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулдаг. Хотыг цэвэр цэмцгэр байлгах нь ганцхан Хот тохижилтын газрын үүрэг биш. Тиймээс иргэд болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид бүгдээрээ  “Би хоггүй” аянд нэгдэж, хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулаарай гэж уриалъя гэлээ.

Өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хурал дээр хотын дарга гудамж, талбайг цэвэрлэх, угаах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Хот тохижилтын газрын ажилтан, ажилчид ийн шуурхай ажиллаж байна.  Дүүргүүд ч мөн их цэвэрлэгээнд нэгдэж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн хайс, хашлага, сандал болоод хөшөө дурсгалыг угааж цэвэрлэх ажилд нэгдэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top