Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлэг, хашаа, хайс зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжид 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 гарааш, чингэлгийг чөлөөлөхөөр ажиллаж байна. Ингэснээр 2.4 га газар чөлөөлөгдөж, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн. Газар чөлөөлөх бүсэд жижиг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байсан. Тэдний төлөөлөлтэй олон удаа уулзан зөвшилцөж, гарааш, чингэлгийг буулгах ажлыг эхлүүллээ. Түүнчлэн иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн газар чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулсан бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 60 хувь нь авто зогсоол, 30 хувь нь ногоон байгууламж, 10 хувь нь чийрэгжүүлэх талбай байгуулах санал өгсөн байна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн I хороолол орчмын 60 байршилд тоосгон болон бетон 1559 гарааш, зөөврийн төмөр чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгасан” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал “Нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх чиглэлээр зөвшөөрөлгүй гараашнаас гадна зөөврийн байгууламж, хашааг буулгах арга хэмжээ авна. Үүний хүрээнд 47 байршлын 447 хашаа, хайс, зөөврийн байгууламж, шонг буулгахаар ажиллаж байна. Энэ жилийг нийслэл “Иргэнд ээлтэй жил” болгон зарласантай холбогдуулан иргэд идэвхийлэн, бидэнтэй хамтарч ажиллаж байгаад талархаж байна” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан “Иргэд үүргээ ухамсарлаж, газар чөлөөлөлтийн ажилд идэвхийлэн оролцож байна. Төр шаардаж, газрыг албадан чөлөөлдөг биш, иргэд үүргээ биелүүлснээр газар чөлөөлөлтийн ажил шуурхай явж байна” гэдгийг онцлов.
Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд 31 байршилд 1112 гарааш буулгахаар төлөвлөжээ. Тус дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр 15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 129 дүгээр цэцэрлэг, 84 дүгээр сургуулийн дунд байрлах 73 гараашийг буулгах ажил эхэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр "Өнөөдөр буулгах гараашнууд ашиглах боломжгүй, эзэнгүй, сургууль, цэцэрлэгийн бүсэд аюултай. Мөн ахуйн хог их овоордог. Энэ талбайд зураг төслийн дагуу ногоон байгууламж, ил зогсоол зэргийг байгуулна. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт учир гараашнуудыг буулгаж, тохижилтын ажлууд хийнэ. Тохижилтын ажлыг дулааны улиралд багтаан хийхээр төлөвлөөд байгаа" гэлээ.
Гарааш буулгалтын үеэр иргэд тоос шороотой, өнгө үзэмж муутай гараашнуудыг буулгаж, ногоон байгууламж хийхээр болж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байв.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 188 байршилд зөвшөөрөлгүй 4860 гараашийг буулгаж, зөрчил арилгахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 1146, Баянзүрх дүүрэгт 1112, Сүхбаатар дүүрэгт 551, Сонгинохайрхан дүүрэгт 1559, Хан-Уул дүүрэгт 183, Чингэлтэй дүүрэгт 168, Багануур дүүрэгт 10, Налайх дүүрэгт 134 гарааш буулгах юм.
Аль дүүрэгт хэчнээн гарааш буулгахаар төлөвлөснийг хүснэгтээр үзүүлж байна.
№ |
Дүүрэг |
Байршил |
Гарааш |
1 |
Баянгол |
43 |
1146 |
2 |
Баянзүрх |
31 |
1112 |
3 |
Сүхбаатар |
24 |
551 |
4 |
Сонгинохайрхан |
60 |
1559 |
5 |
Хан-Уул |
12 |
183 |
6 |
Чингэлтэй |
12 |
168 |
7 |
Багануур |
1 |
10 |
8 |
Налайх |
5 |
134 |
Нийт |
188 |
4860 |
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 3 )
achgui dee hotiin hugjuld ymar ih heregtei geech yadaj l hotiin ungu ymar ireed gerel gegeetei bno
Nuraah ny mash zub shuu, Uneheer tsarai muutai maahai baidag .\n
Сайн бна.