НЗДТГ чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

 

НЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өчигдөр байгууллаа.

Ёслолын ажиллагаанд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Загарсүрэн, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж болон албаны хүмүүс оролцсон юм. Гэрээг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар үзэглэсэн.

 

 

Зөвлөх үйлчилгээний захиалагчаар НЗДТГ, санхүүжүүлэгчээр Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан, гүйцэтгэгчээр ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажиллах юм. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны бүлэг стандартууд нь байгууллага гүйцэтгэлээ сайжруулж, хэрэглэгч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд чанар, орлого, зардал, зах зээл, ашиг гэх мэт үйл ажиллагааны олон талыг хамарсан сайжруулалтыг бий болгоход чиглэдэг.   

НЗДТГ-ын зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс чанарын менежментийн тогтолцоо ISO 9001: 2016 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг баримт бичигт тусгасны дагуу төлөвлөж, ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна.

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг НЗДТГ-т нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, иргэдийн нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн ба төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

 

 

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Хүн” төвтэй удирдлагаас “процесс” төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэх юм.  

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top