Францын нэрийн хуудас болсон Эйфелийн цамхагт шинэ антен суурилуулснаар өндөр нь зургаан метрээр нэмэгдэж, 330 м болжээ.
Зургаан м өндөр шинэ антен тоон радио дохио дамжуулалтыг сайжруулснаар телевизийн 30 орчим суваг, 32 радио станцыг дамжуулах боломжтой болно.
Шинэ төхөөрөмжийг цамхгийн оройд нисдэг тэрэгний тусламжтай байрлуулжээ. Энэ үйл явц ердөө 15 минут үргэлжилсэн ч бэлтгэл ажил бүтэн нэг жил үргэлжилжээ. 350 кг орчим жинтэй антеныг суурилуулахад нэг сая евро зарцуулсан байна.
Үүнээс өмнө 2000 онд Эйфелийн цамхаг дээр тоон телевизийн дамжуулалтын антеныг суурилуулж байжээ.
Алдарт цамхгийг 1889 оны Дэлхийн экспод зориулж Парис хотын төвд инженер Густав Эйфелийн зураг төслийн дагуу босгожээ. Тухайн үед цамхгийн өндөр 312 м байсан бол хожим нь 324 м болгож өндөрсгөжээ. Цамхгийн барилгын ажил 1887 оны нэгдүгээр сард эхэлж, хоёр жил хоёр сар таван хоног үргэлжилсэн байна. Анхандаа цамхгийг түр байгууламжийн хувиар байгуулсан ч Эйфель бүтээл нь радио холбоо зэрэг физикийн салбарын төрөл бүрийн туршилтад ихээхэн ач холбогдолтой болохыг баталснаар бүтээлээ ийн мөнхөлж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )