16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2022.03.23/ боллоо.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм.

Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийг шалгаруулж, концессийн гэрээ байгуулсан. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 2019 онд концессийн гэрээг хүчингүй болгожээ.

Өдгөө 16 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэхээр Монгол Улсын 2022 оны төсөвт долоо, нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт есөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих хөрөнгийг баталсан. Эдгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлын явц нэг нь 100 хувьтай байгаа бол дөрөв нь 30-35, 11 нь 10 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралд оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган, гуравдугаар сарын 28-ны дотор танилцуулах үүргийг өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top