ЧУУЛГАН: Архангайн 14 суманд шүлхий өвчин бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "шүлхий өвчин нэг хэсэг хумигдаж байсан бол хангайн бүсийн аймгуудаар хурдацтай тархаад эхэллээ. Хэрхэн багасгах вэ. Вакцинжуулалтын ажил юу болж байна вэ" гэдгийг тодруулахад "Энэ жил улсын төсөвт 12 сая тун вакцин татан авах төсөв суусан. Үүнээс 8.5 сая тун вакциныг татан авсан. Үлдсэн 3.5 сая тун вакциныг энэ сарын 30-нд наашаа ачуулна. Мөн Дэлхийн банктай ярилцаад 1.9 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд таван сая тун вакцин нэмж авахаар болсон. Энэ жилдээ 17 орчим сая тун вакцин байна" гэсэн хариултыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өглөө. Мөн "Шүлхийн вакцинжуулалт хийж байна. Эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Архангай аймгийн 14 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байна. Архангай, Хөвсгөл, Булган зэрэг төвийн аймгуудад шүлхий өвчний цар хүрээ өндөр гарсан" гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун онцоллоо.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top