"Нарны хүү, сарны охин"-ы захирал Д.Гүрсоронзын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

“Нарны хүү, Сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар  "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авч, залилсан байдаг.

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж,  тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн бөгөөд дээрх компаниас болж 400 гаруй 8,5 тэрбум төгрөгөөр хохирсон юм. Энэ хэргийг хоёр шатны шүүхээр хэлэлцсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Д.Гүрсоронзод 10 жил, Д.Одгэрэл, Б.Батбаяр нарт тус бүр 6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас нийт 7 тэрбум 265 839 273 төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч  нар, хохирогчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг өнөөдөр /2022.03.30/ хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top