Засгийн газар Тавантолгойн төслийг УИХ-д ирэх лхагва гарагт өргөн барина

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05


 

            Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр болж Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын    Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.  Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон байна. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ.

Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.   

Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ.

Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гарагт Улсын Их Хуралд өргөн барихаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top