CEO I Э.Дагвабаасансүрэн: Би ажилчдынхаа дунд орж, хамт бүтээж, манлайлал үзүүлэх дуртай

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Зиндаа.мн сайт "СЕО" хэмээх шинэхэн булантай болж байна. Булангийнхаа анхны зочноор “Монос Косметик” компанийн Гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэнг урьж оролцууллаа.

“Монос Косметик” компанийн гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн 1990 онд төрсөн. Ам бүл гурав.

"Оюутолгой" компанийн санхүүгийн албанаас ажлын гараагаа эхлүүлсэн. Үүний дараа “Бид” банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагчаар ажиллаж байгаад, "Монос косметик" компанийн санхүүгийн менежерээр ажилд орж, Гүйцэтгэх захирал болтлоо дэвшин, зургаа дахь жилдээ ажиллаж байна.


Тухайн ажилтанд шийдвэр гаргах эрх мэдлийг өгч ажилласнаар илүү бүтээмжтэй болдог

-Хамт олон бол маш чухал. Гүйцэтгэх захирлын хувьд компанийн зорилго алсын харааг багийнхандаа ойлгуулж, манлайлал үзүүлэх, хариуцлагатай байх зарчмаар багийнхантайгаа хамтарч ажиллан, тэднийг маш сайн ойлгохыг чухалчилдаг.

Удирдлагын арга барил хүн бүхэнд өөр байдаг. Миний хувьд хатуу чанга шаардлага тавьдаггүй, зөөлөн бодлого баримтладаг. Одоо бол хөдөлмөрийн зах зээлийг залуучууд бүрдүүлж байна. Ажилчиддаа хатуу чанга байлаа гээд ажил урагшлахгүй. Үүний улмаас тухайн ажилтан ажлаасаа гарах нь энүүхэнд болсон.

Иймд хүмүүсээ манлайлах өгсөн үүрэг даалгаврыг дунд нь орж, хамтарч биелүүлдэг. Ингэснээр компанийн зорилго зорилтыг илүү ойлгуулах, хаашаа явж байгаа, тухайн ажил нь компанид ямар үүрэг нөлөөтэй вэ гэдгийг ойлгуулах арга барилаар ажилладаг. Мөн тэр хүнд шийдвэр гаргах боломж, эрх мэдлийг өгч ажилласнаар илүү бүтээмжтэй үр дүнд хүрэх боломжтой.
 

Компанийн соёлтой холбоотой хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргаж болохгүй

-Ажил явж байгаа газар хүн л юм хойно алдаа гаргана. Алдаа болгон дээр хатуу, чанга байж болохгүй. Харин тухайн алдаагаа олон дахин давтах ёсгүй гэдгийг ойлгуулдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд тос найруулж байхдаа технологийн алдаа гарахад төлөв байдал, шинж чанарын хувьд стандартад нийцэхгүй болно. Энэ болгонд тухайн хүндээ хариуцлага тооцоод байвал тэр тосыг хэн найруулах вэ гэдгийг бодох ёстой. Ийм тохиолдолд алдааны гол үндэс нь юу байв гэдгийг ярилцаж, дахин давтахгүй байх тал дээр сануулга өгдөг. Ингэж ойлгуулсаар байхад алдаагаа давтах юм бол хариуцлага илүү чангаруулах арга хэмжээ авч болно. 

Нөгөө талдаа ёсзүйн алдаа гаргаж болохгүй. Ёсзүйн алдаа гэдэг бол олон талтай асуудал. Ур чадвараас хамаарсан алдааг ажил дээрээ гаргаж болох ч хүмүүстэй харилцах харилцаа, компанийн соёлтой холбоотой хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргаж буруу үлгэр дууриалал үзүүлж байгааг нь өнгөрөөгөөд байх юм бол компанийн соёлыг маш их эвдэнэ.

Миний бодлоор удирдлага нь хов сонсдог, хов ярьдаг хүмүүсээ халамжилдаг бол хов тасрахгүй

-Манай компани 150 орчим ажилтантай. Анх намайг ажил авч байхад 90 хувь нь эмэгтэй, 10 хувь нь эрэгтэй байсан. Одоо бол 70,30-ийн харьцаатай байна. Салбарын онцлогоос хамаарч манай компанид гол төлөв эмэгтэйчүүд байдаг. Байгууллага дээр хүйсийн харилцаа алдагдахаар хов их болдог гэсэн яриа бий. Гэхдээ манай компанийн хувьд хов байдаггүй. Миний бодлоор удирдлага нь хов сонсдог, хов ярьдаг хүмүүсээ халамжилдаг бол хов тасрахгүй. 

Гүйцэтгэх удирдлага өдрийн 70-80 хувьд хүмүүстэй харилцдаг. Хүмүүс асуудлаа шийдвэрлүүлэхээр орж ирнэ, олон асуудал гарч ирнэ. Энэ бүхэн дээр хүлээцтэй тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвчээргүй байх нь удирдлагын хувьд хүмүүст хэрхэн харагдах вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Сүүлийн үед өдрийн ажиллах цагаа арай багасгаж байгаа. Санхүүгийн менежер байхдаа 24 цагийн 12-15 цагт ажилладаг байсан. Энэ нь ч надад таалагддаг байсан. Одоо гэр бүлтэй болсноор гэр бүлдээ зарцуулах цаг гаргадаг болсон. Мөн гүйцэтгэх удирдлага ажилчиддаа үүрэг даалгавар өгөх, түүнийг нь эргүүлээд хянаад, хамтраад явахаар ажлынхаа цагийг багасгаж байгаа. Манайд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлт, маркетинг, борлуулалт, санхүүгийн алба түгээлт, агуулах гээд бүхий л нэгжүүд байна. Энэ утгаараа илүү цогц ур чадварыг шаарддаг. Би өөрийнхөө хийж буй ажилд 100+ гүйцэтгэтэй ажиллах дуртай. Яаж бүтээлч байдлаар хийвэл хүмүүс сэтгэл ханамжтай байх вэ гэдэг талаас нь бодож ажлаа хийдэг. Гүйцэтгэх удирдлага болсноор хүмүүсийнхээ саналыг дэмжээд бодит ажил болгох тал дээр анхаарч ажиллаж байна.  
 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.20) 2022 оны 04 сарын 04

Жүжигчин баймаар хүүхэд бн даа

0  |  0
Top