Л.Оюун-Эрдэнэ: ЗГ тодорхой хугацаанд Монголбанктай хамт хариуцлага хүлээнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Засгийн газраас өнөөдөр /2022.04.05/ мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар оролцож байна. Тэд өнөөдөр УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар мэдээллийг өгч байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орос, Украины дайнаас болж дэлхий нийтэд амаргүй нөхцөл байдал бий болсон. Монгол Улсын хувьд түдгэлзсэн байр суурьтай асуудалд хандсан. Цаашдаа ч энэ байр сууриндаа байна. Энэ нөхцөл байдал болон цар тахлаас шалтгаалж эдийн засаг сэхээний орон дээр хэвтсэн. Сүүлийн 10-хан хоногт улаанбуудайн үнэ 50 хувиар өсч, дэлхийд хүнсний хомсдол үүсэх магадлал өндөр нөхцөл байдал руу орж болзошгүй байна гэдгийг олон улсын байгууллагаас тооцож гаргасан байна. Хэдий манай улсад цар тахлын нөхцөл байдал намжмал байдалтай байгаа ч хоёр хөршид цар тахлын давлагаа явагдаж байна. Тиймээс дөрөвдүгээр тунгаа идэвхжүүлэх хэрэгтэй байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Түүнчлэн "Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авах, одоо байгаа нөхцөлөөс илүү муугаар дүгнэх шаардлагатай байна гэж үзсэн. Тиймээс хуулийн төслийг дагалдах хууль тогтоомжийн хамт УИХ-д өргөн барилаа.
 

Энэ хууль батлагдснаар Засгийн газраас мах, гурил болон газрын тос зэрэг манай үнийн өсөлт буюу хэрэглээний багцад байгаа гол нэр төрлийн бүтээгдэхүүн дээр зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Мөн нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын болон гаалийн татвар дээр Засгийн газар зохицуулалт хийдэг байх, мах гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр шаардлагатай хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох, ханшийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулах нөхцөл байдал үүслээ.
 

Өнөөдөр Засгийн газар шууд зохицуулах боломжгүй. Заавал УИХ-аар орж шийдэгддэг эрх зүйн зохицуулалттай.

Дээр нь Засгийн газар мөнгөний бодлогод орж болдоггүй. Тэр дундаа хамтарч ажиллахыг ч хориглодог. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээс өөр гарцгүй байдалд орлоо" гэх мэдээллийг өглөө. 

Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ хуулийн хоёр дахь том бүлэг заалт нь Засгийн газар тодорхой хугацаанд мөнгөний бодлого болон сангийн бодлого дээр Төв банктай хамтарсан хариуцлага хүлээх эрх зүйн орчныг өгөөч ээ гэж хүсэж, эрх зүйн орчныг бүрдүүлж байна гэж ойлгож болно. Гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох, Лондонгийн металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээл дээр алт худалдан авах зэрэг багц арга хэмжээг тусгасан. Амаргүй сорилтууд үргэлжилж байна. Гэхдээ биднээс хамаарахгүй байгаа зүйл 70-аас дээш хувь байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top