Авьяас чуулсан Алтанширээгийн тэнгэр дор

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Голомтдоо дэлхийг хураасан гэмээр эгэлхэн хэрнээ аугаа их нутаг бол Дорноговь аймгийн Алтанширээ сум гэдэгтэй маргах хүн үгүй. Учир юу вэ гэвээс Монголын их утга, уран зохиолын хоймор эзэлсэн олон алдартнуудыг төрүүлсэн тэнгэрийн доорхи эх орон. Халхын их дууч Чогдон хун тайж, шашин соёлын нэрт зүтгэлтэн “Анги” хэмээх Шагдар, Ардын уран зохиолч Балжирын Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Авидын Шартолгой, Галсангийн Жамъян, Шагдарсүрэнгийн Гүрбазар нарын олон уран бүтээлчдийг төрүүлсэн өөжин.

Бичгийн мэргэдийн өлгий гэж болох алтанширээчүүд нутгаасаа төрөн гарсан яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, уншигч уран бүтээлчдийн уулзалтыг “Алтан нутгийн алдартнууд” малгай дор зохион байгуулсан нь нутаг зон төдийгүй утга зохиолд элэгтэй уншигч олныг баясгасан явдал болов.

Уг арга хэмжээг Алтанширээ сумын Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төв, сумын Соёлын төвөөс тулгын гурван чулуу шиг тулж зохион байгуулсан. Уншигч уран бүтээлчдийн уулзалтад Алтанширээгээр овоглосон зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид хуран чуулж, нутгийн ард түмэн нэгэн оройг цэнгүүлэн өнгөрөөв.

Уг арга хэмжээг Алтанширээ сумын Иргэдийн хурлын дарга Б.Ган-Од, Засаг дарга Н.Бүрэнтэгш, Дорноговь аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, яруу найрагч Ш.Алимаа, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Х.Оюунтуяа, сумын Соёлын төвийн эрхлэгч Э.Шинэчимэг, Номын санч Н.Бүрэнцэцэг, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Дааганчулуун, Аймгийн соёлын хэлтсийн дарга У.Ганбаатар нарын хүмүүс идэвхийлэн зохион байгуулсанд нутаг зоныхон талархаж байв.

Уншигч уран бүтээлчдын уулзалтад “Хурмаст тэнгэр” төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Эрдэнэбат, гүйцэтгэх захирал Ш.Энхбаяр, ''Өнөөдрийн ялалт'' сонины ерөнхий эрхлэгч, Яруу найрагч Б.Лхагвадорж нарын хүмүүс хүрэлцэн очсон бол морь цоллооч Т.Сансандорж, яруу найрагч Б.Сугирдорж, Д.Батчулуун, Б.Алтанхундага, Ц.Элдэв-Очир, н.Нарантуяа, Үндэсний чөлөөт зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр нарын найрагчид, Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Чинзоригт, Н.Бүрэнжаргал, Соёлын төвийн эрхлэгч Э.Шинэчимэг нарын хүмүүс ая дуугаа өргөв.

“Дэлхийн нөгөө бөөрнөөс ч санах амин заяа дээж найргаар дуулах миний Алтанширээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян ах маань бүтээсэн шүлэг юуны өмнө санаанд орно. Нутаг усаа магтан дуулаагүй уран бүтээлч энэ дэлхий дээр байхгүй ч Алтанширээгийнхэн цаанаа өөр. Ус нутагтаа очсон яруу найрагчид нутгийнхаа тухай шүлэг бүтээлээ дуудсан бол ая дуугаа өргөсөн уран бүтээлчид ч Алтанширээгээр овоглосон хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээлийг дуулж байгаа нь олны таалалд нийцэв. Алтанширээ нутгаас төрөн гарсан ая зохиогч, хөгжмийн зохиолчид цөөнгүй бий. Тухайлбал, өдгөө Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Г.Батхуяг, Соёлын тэргүүний ажилтан Г.Зина, Ц.Түмэнжаргал гээд дурдаад байвал авьяас билгийн туйл болсон нөхөд бий.

Ардын уран зохиолч Балжирын Догмид миний “Алаг толгодын хууч” номын өмнөтгөлд “Сергей Есенин, М.Шолохов, Ч.Айтматов тэргүүтэй дэлхийн томчууд цөм төрсөн нутаг усаа магтан дуулсаар ертөнцөд алдаршсан. Нутгаа бичнэ гэдэг бол юм үзэж нүд тайлаагүй жалгын үзэлтэй “жижигхэн” уран бүтээлчийн ажил биш ээ. Харин хорвоогийн явдлыг эрт ухаарсан том зохиолч бол төрсөн нутаг усаараа дамжуулан газар дэлхийг байтугай од эрхэс, салхи бороог хүртэл өөрийн өмч хөрөнгө шиг хайрлаж зүрх сэтгэлээ хөглөн, уран бүтээлээ туурвидаг жамтай.

Газрын хоймор хэмээн хүүхэд бидний нэрлэдэг Галшартай хаяа хатган оршдог Дорноговь аймгийн Алтанширээ сум арван гурван эрднийн ширээтэй. Энэ ширээ бүр дээр нэг яруу найрагч зохиолч бүтээлээ туурвиж суугаа” хэмээн бичиж байсан. Үүн лугаа арван гурван ширээн дээр суух уран бүтээлчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг нутгийнхаа тайзан дээрээс харж бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Ямартай ч Алтанширээ сум яруу найраг, дуу хуур хөлөглөсөн нутаг гэдгийг бүх зүйлээс харж болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top