Авьяас билгийн өлгий Алтанширээ нутгаар...

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Өдийд өвөг дээдсийн маань дагшин нутагт хаврын урь аль хэдийнээ орчихсон, олон зүйлийн шувууд жиргэж, зээрийн сүрэг талд цүүцэн цүүцэн цогиж байгаа гэж бодохоор нутгаадаа гараад гүймээр. Ийм л гэгэлгэн цаг дор Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газар, сумын Соёлын төв, аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвөөс хамтран “Алтан нутгийн алдартнууд” уран бүтээлч, уншигчдын уулзалтыг зохион байгуулав. Айдас хүйдсийн өчүүхэн ч сүүдэргүй Алтанширээгийн тэнгэр дор нэгэн үдэш шүлэг найраг, дуу хуураар цалгиж өнгөрүүлсэн нь хүн бүрийн сэтгэлд тодоос тод дурсамж үлдээсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Үүгээр ч зогсохгүй урлагийн Янжинлхам бурхан энэ үдэш нутаг зоны сэтгэлийн хойморт лавтай заларсан байж таарна.

Алтанширээ нутгаас төрөн гарсан уран бүтээлчид, уншигчдын халуун сэтгэл эерэж нийлсэн уг арга хэмжээг сумын Иргэдийн хурлын дарга Б.Ган-Од, Засаг дарга Н.Бүрэнтэгш, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Алимаа, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Х.Оюунтуяа, аймгийн Соёлын хэлтсийн дарга У.Ганбаатар, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч А.Дааганчулуун, сумын Соёлын төвийн эрхлэгч Э.Шинэчимэг, Номын санч Н.Бүрэнцэцэг нарын олон хүний сэтгэл зүтгэлээр бүтээн босгов. Нутгаа гэсэн зүтгэлтэй залуусын сэтгэлээр яруу найраг, дуу хуурын түүдэг асааж, түүнийг хамтдаа тойрон суусан хэрэг шүү дээ.

Уншигч уран бүтээлчдын уулзалтад “Хурмаст тэнгэр” төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Л.Эрдэнэбат, гүйцэтгэх захирал, яруу найрагч  Ш.Энхбаяр, ''Ялалт'' сонины Ерөнхий эрхлэгч, яруу найрагч Б.Лхагвадорж нарын хүмүүс хүрэлцэн очсон бол тус нутгаас төрөн гарсан морь цоллооч, ерөөлч магтаалч Т.Сансандорж, ахмад уран бүтээлч Б.Сугирдорж, Д.Батчулуун, Б.Алтанхундага, яруу найрагч Ц.Элдэв-Очир, С.Нарантуяа, Үндэсний чөлөөт зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр нарын олон найрагч, уран бүтээлчид цугларсан. Өөр өөрийн өнгө аяс, хэлбэр төрхөөр уншигч олны оюун санаанд тамгалагдсан яруу найрагчид, уран бүтээлчид нутгийнхаа гал голомтыг шүлэг найргаар хөгжөөж, дуу хуураар аргадсан юм.

“Алтан нутгийн алдартнууд” арга хэмжээг өргөж дэмжсэн, зохион байгуулсан хүмүүс зүгээр нэг аймаг сумын болон газар, хэлтсийн дарга нар биш. Ямар нэгэн сэжмээр урлаг, утга зохиолтой холбогдсон хүмүүс учраас ийнхүү халуун дулаан уур амьсгалыг бий болгож чадсан биз ээ. Тухайлбал, Иргэдийн хурлын дарга Б.Ган-Одын өвөг эцэг Ж.Лувсанчимэд бол нэгэн насаар кино механикчаар ажиллаж, Алтанширээчүүдэд дэлгэцийн урлагийн гайхамшгаар дамжуулан, соёл түгээсэн хүн байсан бол сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш, Номын санч Н.Бүрэнцэцэг нарын төрсөн ах Н.Бүрэнжаргал нь хүүхэд бага наснаасаа урлаг соёлын салбарт ажиллаж, өдгөө ч энэ тогоонд чанагдаж яваа Соёлын тэргүүний ажилтан уран бүтээлч хүн. Тэгвэл аймгийн Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Алимаа нь утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүлэгч гишүүн төдийгүй “Хайр ирэх зүг” яруу найргийн түүврээ уншигч олноо өргөн барьсан яруу найрагч. Мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Х.Оюунтуяа нь өөрөө шүлэг тэрлэж, энэ зүгт сэтгэл оюунаа чилээж явдаг бол аймгийн Соёлын хэлтсийн дарга У.Ганбаатар хүүхэд ахуй наснаасаа дуу хуураар хөглөгдсөн нэгэн төдийгүй нэрт хөгжимчин Г.Зинагийн зээ дүү билээ. Өдгөө нутгийнхаа голомтыг түшин ажиллаж байгаа Соёлын төвийн эрхлэгч Э.Шинэчимэг бол сумандаа төдийгүй Дорноговьчуудын сонсох дуртай дуучдын нэг гээд дурдаад байвал энэ түүдэг галыг өрдөж асаасан бүхэн цаанаа ямар нэгэн өгөгдөлтэй байгааг уншигч та анзаарна.

Утга зохиолын өлгий нутаг Алтанширээгийн цэнхэр үдшээр Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Чинзоригт, Н.Бүрэнжаргал, Соёлын төвийн эрхлэгч Э.Шинэчимэг, Ө.Баянбаатар нарын хүмүүс ая дуугаа өргөв. Энэ үдшийн түүдэг тойрон суусан хүмүүс бүгд л энэ нутаг усанд төрж өссөн, төдийгүй соёл урлаг, өв уламжлалын гал голомтыг түшилцэж яваа эрхмүүд.

Тухайлбал, ахмад уран бүтээлч Б.Сугирдорж бол Соёлын дээд сургууль төгсөж, сумынхаа Соёлын төвийн эрхлэгч, Засаг даргын орлогчоор олон жил ажилласан уран бүтээлч. Түүний үг, аяыг нь бүтээсэн “Бодол хайлах намар” хэмээх дуу бий бөгөөд Алтанширээчүүд бүгд амандаа аялна. Ийм л уран бүтээлийг ард түмнийхээ оюун санаа, зүрх сэтгэлд тамгалж үлдээсэн хос морьтой уран бүтээлч юм. Н.Бүрэнжаргалын хувьд урлагийн сургууль төгсөж, сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажлынхаа гарааг эхлүүлэн, “Саран хөхөө” театраар дамжин, өдгөө Сэлэнгэ нутагт соёлын үрийг тарьж явна. Б.Чинзоригт адууны бэлчээрээс соёл урлагийн салбарт хөл тавьсан төдийгүй өдгөө ч аймгийн хэмжээнд соёл урлагийн нэгэн дууч болж яваа хүн. Бидэн хоёрт Баастын талаас эхлээд сумын баруун талд дөрөө харшуулж, хурдан морины сүүл боож явсан олон өдрийн нэгээс “Адуу тургилах нутаг” дуу төрсөн байх.

Ахмад найрагч Д.Батчулууны хувьд нэгэн насыг эрүүлийг хамгаалахын салбарт чагнуур барьж өнгөрөөхдөө хүний биеийг эмчлэхээс гадна хүний оюун санааг тэтгэж эмчлэх шүлэг найргаа тэрлэсээр яваа хүн. Өдгөө Алтанширээ сумын Зараа багийн нутаг, Баянбуурал хайрхны сүр бараанд мал сүргээ адуулахын зэрэгцээ хээрийн бэлчээрээс шүлэг бүтээлээ өргөж яваа уран бүтээлч бол Ц.Элдэв-Очир. Билиг танхай энэ нөхөр 2000 оны эхээр яруу найрагч Сэрдамбын Боргил бид хоёрыг Утга зохиолын сургуульд сурч ахуй цагт үе үехэн Улаанбаатарт морилж, шүлэг зохиолоо дуудаж явсан төдийгүй утга зохиолын томчуудаас урмын үг сонсож явсан их эр гэдгийг андын хувьд сайн мэднэ. Ус нутгийн нурууг оюун санаагаараа түшиж яваа Б.Алтанхундага, Ө.Нарантуяа нар нь шашин соёлын салбарт ажиллахын зэрэгцээ эрдмийн мөр хөөж, буддын гүн ухааныг яруу найргаар илэрхийлж яваа хүмүүс гэхэд болно. Ахмад уран бүтээлч Б.Алтанхундага хил залгаа Хэнтий аймгийн Галшар сумын нутагт эрдэм номоо бясалгаж, буддын шашны зүтгэлтнүүдтэй эн зэрэгцсэн хүн, С.Нарантуяа нь Д.Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийдэд бүтээл юугаа туурвиж байгаа нь бас нэгэн ерөөл биз ээ. Үндэсний чөлөөт зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Э.Анхбаярын хувьд “Зэрэглээ”, “Давлагаа” номуудаараа Монголын уран зохиолд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлохын зэрэгцээ нутаг усныхаа нэрийг гаргаж яваа залуу уран бүтээлч. Сайншандын хонхорт төрж өссөн ч Алтанширээгээр овоглож яваа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Лхагвадорж бол уншигч олны оюун санаанд хүндтэй байр суурь эзлэх ном бүтээлээ туурвисан нэгэн төдийгүй өдгөө “Ялалт” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Дорноговьчуудыг мэдээ мэдээллээр хангаж яваа хос морьтой нэгэн. Ахмад уран бүтээлч Т.Сансандорж нь адууны бэлчээрээс үгийн сувдыг шүүрдэж, ерөөл магтаал зохиох, морь цоллох, эмээл хазаар урлах гээд үндэсний биет бус өвийн нэрт зүтгэлтэн гээд дурдаад байвал Алтанширээ сумаас төрж гарсан уран бүтээлчид бүгд л өөр өөрийн хүлээсэн үүрэгтэй, ус нутгаасаа авч төрсөн өгөгдөлтэй хүмүүс гэж болно.   Намайг ийн нутаг зоныхоо тухай бичиж суух зуурт Баастын тал, Туулайн талд борлог зэрэглээ сульдаж, босуул салхин үе үехэн гэгэлзэж, дөнгөж төрсөн нойтон унага долоон сэвэлзэж байгаа даа. Хавар дундын наран тойрогт янзага эхийгээ даган цахилж, бут бүхнээс бүжин дэгдэж, хөл тэнцсэн унага ч ертөнцөд төрөөд харсан анхныхаа сонин хачнаас цочин зогсоо биз ээ гэхээр өөрийн эрхгүй нутгаа даа гараад гүймээр.

 Ийм л гэрэлт цагаар олон ч эрмэг хүлэг тэнгэрийн дор босоо төрж, хожмоо нутаг усаа халхын дэвжээнд “Алтанширээ” хэмээн цоллуулаа даа гэж бодохоор өөрийн эрхгүй самсаа шархирна. Эгэлхэн, тийм айдасгүй Туулайн хэмээх нэртэй талаас зүүн тийш Тоосгоны хяр цайрч харагдана. Зунтай жил бол цэнхэр зэрэглээнд номин өнгөөр цайвалзаж байдаг нь өдгөө сэтгэлийн уудамд цалгилан буй. Жаахан наашлахаар Зараагийн хад, баруун тийшээ Баянбуурал хайрхан талд завилсан бурхан шиг дүрээрээ цайрч харагдана. Энд миний аав С.Санзайгалсан, аавын маань ихэс дээдэс төрж өсөж, нутаглаж явсан хүйн холбоотой ариун дагшин газар усан билээ. 

Сумын зүүн хойд тал Хөх дэл, Хар дэл, Хавчуу, Алагийн гол гээд жаахан уруудахаар алдарт зохиолч Балжирын Догмид төрж өссөн газар шороо залгана. Өдгөө “Догмидын бууц” хэмээн аяны хүн дөрөө мулталж замын тоосоо шилгээдэг нэг тийм дулаахан газар бий. Алтанширээ хэмээх энэ л тэнгэрийн доорхи эх орон бол миний хорвоогоос өмчилж авсан өөжин. Сумын өмнө тал, хур бороо элбэг жил бол машин бүү хэл морьтой хүн ч амар гатлахгүй Говийн тасархай гэж бий. Дэрсэнэ-Усны Цагаан чулуу, алдарт Хондогын хийдийн туурь ч эртний түүхийг агуулан энэ говийн хойморт заларч буй. Энд л ингэ ботгоо долоож, ороо нь хэдийнээ гарсан буур ертөнцөд ирж байгаа энэ хөөрхөн амьтныг үл ажран, залхуутайхан Хаяагийн ус руу сүргээ дагуулан алхаж байгаа даа, өдийд.

Жаахан баруун тийшээ хараачлахаар Булангийн ширээ, Хаяагийн ширээ, Цагаан хаяа, Сайн-Ус гээд мөн л номин өнгөөр цайвалзаж байх. Цагаан хаяад манай нэрт сэтгүүлч, зохиолч Галсангийн Жамъян ах маань төрсөн гэдэг. Мөн л энэ ай савд багтаж, Соёлын гавьяат зүтгэлтэн Авидын Шартолгой ах маань төрсөн. Нар зөв эргээд сумын хойд тал руу хараалахаар Тойг бригад, Еншөөв, Хөөврийн ус, хойшоо Өнгөт ногоон толгой, Элэгний хэц гээд дурдаад барахгүй ариун дагшин газар шороо олныг нэрлэж болох. Өнгөт ногоон толгойд манай нэрт сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Шагдарсүрэнгийн Гүрбазар ах маань унасан юм билээ. Өнгөт ногоон толгой, Их Бага газрын чулууг эзэгнэж өссөн хүн бол нэрт зураач Цэндийн Монгол ах маань байж. Ийм л уран зураг шиг нутагт төрж өссөн учраас Ц.Монгол ах маань нэр зүстэй уран бүтээлч болсон байх гэж боддог. Голомтдоо дэлхийг хураасан гэмээр эгэлхэн хэрнээ аугаа их нутаг бол Дорноговь аймгийн Алтанширээ сум гэдэгтэй маргах хүн үгүй. Учир юу вэ гэвээс Монголын их утга, уран зохиолын хоймор эзэлсэн ийм л олон алдартнуудыг төрүүлсэн тэнгэрийн доорхи эх орон. “Дэлхийн нөгөө бөөрнөөс ч санах амин заяа дээж найргаар дуулах миний Алтанширээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян ах маань бүтээсэн шүлэг юуны өмнө санаанд орно. Нутаг усаа магтан дуулаагүй уран бүтээлч энэ дэлхий дээр байхгүй ч Алтанширээгийнхэн цаанаа өөр, нутаг амьтай.

Тодотговол, “Алтан нутгийн алдартнууд” арга хэмжээнд очсон яруу найрагчид нутгийнхаа тухай шүлэг бүтээлээ дуудсан бол ая дуугаа өргөсөн дуучид ч Алтанширээгээр овоглосон хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээлийг дуулж байгаа нь нутаг амьтай гэдгийг харуулна. Тус нутгаас төрөн гарсан ая зохиогч, хөгжмийн зохиолчид цөөнгүй бий. Өдгөө Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Г.Батхуяг, СТА Г.Зина, Б.Сугирдорж, Ц.Түмэнжаргал гээд дурдаад байвал авьяас билгийн туйл болсон нөхөд цөөнгүй.

Ардын уран зохиолч Балжирын Догмид миний “Алаг толгодын хууч” номын өмнөтгөлд “Сергей Есенин, М.Шолохов, Ч.Айтматов тэргүүтэй дэлхийн томчууд цөм төрсөн нутаг усаа магтан дуулсаар ертөнцөд алдаршсан. Нутгаа бичнэ гэдэг бол юм үзэж нүд тайлаагүй жалгын үзэлтэй “жижигхэн” уран бүтээлчийн ажил биш ээ. Харин хорвоогийн явдлыг эрт ухаарсан том зохиолч бол төрсөн нутаг усаараа дамжуулан газар дэлхийг байтугай од эрхэс, салхи бороог хүртэл өөрийн өмч хөрөнгө шиг хайрлаж зүрх сэтгэлээ хөглөн, уран бүтээлээ туурвидаг жамтай. Дорноговь аймгийн Алтанширээ сум арван гурван эрдэнийн ширээтэй. Энэ ширээ бүр дээр нэг яруу найрагч зохиолч бүтээлээ туурвиж суугаа” хэмээн бичиж байв.

Үүн лугаа арван гурван ширээн дээр суух уран бүтээлчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг нутгийнхаа тайзан дээрээс харж бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Ямартай ч Алтанширээ сум яруу найраг, дуу хуур хөлөглөсөн нутаг гэдгийг бүх зүйлээс харж болно. Ус нутгаа яруу найраг, дуу хөгжмөөр аргадан цэнгүүлнэ гэдэг юу юунаас эрхэм зүйл гэдгийг дахин нэг мэдэрсэн Алтанширээгийн даруухан үдэш сэтгэлээс яахин гарах билээ.

С.Ууганбаяр

Дорноговийн УУГАН хэвлэл “ЯЛАЛТ” сонин. 2022.04 сар №04 (4021)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top