“Нийслэлийн Цэргийн штабын түүхэн замнал, цаашдын чиг хандлага” сэдэвт бага хурал болов

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

“Нийслэлийн Цэргийн штабын түүхэн замнал, цаашдын чиг хандлага” сэдэвт онолын бага хурал өнөөдөр боллоо.  

Тус бага хурлыг НЗДТГ-ын Цэргийн штабын 100 жилийн ойг угтан зохион байгуулсан юм. Онолын бага хурлын хүрээнд “Цэргийн штабын үүсэл хөгжил, дайны жилүүдэд гүйцэтгэсэн үүрэг”, “Зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, цаашдын чиг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавив.

 

 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн штабын үүсэл, хөгжил, түүхэн замнал, үүргийн талаар хэлэлцлээ. Мөн Цэргийн штабт тулгарч буй асуудал, цаашид шийдвэрлэх алхмуудыг хэлэлцэж, өнөөдөр уригдан ирсэн ахмад үеийнхнээс туршлага судлах, тэдний ололт, амжилтыг хуваалцсан юм.

Тухайлбал, дайны дараах социализмын үед Цэргийн штабын үүрэг маш өргөн байсан. Гамшгийн, цэрэг, иргэний хамгаалалтын бүх ажлыг дангаараа гүйцэтгэдэг байлаа. Ардчиллын үе буюу 1990-ээд оноос хойш эргээд хумигдсан. Алба хаагчид орон тооны бус цомхотголд орж, нэг, хоёр хүний хэмжээнд тухайн том ажлуудыг гүйцэтгэх болсон байдаг.

Харин 2016, 2018 онд маш ололттой, эрх зүйн шинэчлэлтийн он жилүүд байсан. Цэргийн штабын түүхэн хөгжил сэдвийн дор онолын бага хурал явагдаж байгаа учир 1930-аад оны БНМАУ-ын харьяа ардуудыг цэргийн алба хаах тухай дүрэм, хуучин хэрэглэдэг байсан цэргийн батлах, цэрэгт татагдсан алба хаагчийн карт зэрэг түүхийн сонирхолтой баримтуудыг энд дэлгэн тавьсан байна” хэмээлээ.

 

 

Багануур дүүргийн Цэргийн штабын дарга З.Майдар “Цэргийн штабуудын түүхэн сургамж, цэрэг дайны үед үүрэг гүйцэтгэж явсан үеийн түүхийг уялдуулж энэхүү онолын бага хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчнийг сурталчлах ажиллагааг хэрэгжүүлэх гол  байгууллага нь Цэргийн штаб байдаг. Ахмад үеийнхэн туршлага, сургамжаа залуу үедээ ярьж байгаа нь өнөөдрийн онолын бага хурлын гол ач холбогдол гэж дүгнэж байна” хэмээн ярилаа.

 

 

Бэлтгэл хурандаа Г.Янжив “Би 1980-2008 оны хооронд нийслэл, дүүргийн Цэргийн штабт ажилласан. Өнөөдөр байнгын бүрэлдэхүүнтэйгээ уулзаж, онолын бага хуралд оролцож буйдаа их баяртай байна. 1925 онд Нийслэлийн Цэргийн штаб байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлыг баримттай, судалгаатай танилцууллаа. Бага хурлаас харахад нийслэл, дүүргийн цэргийн штабууд орон тоо, бүтэц, зохион байгуулалтын хувьд бэхэжсэн байна” гэв.

 

 

НЗДТГ-ын Цэргийн штаб нь Төрийн цэргийн бодлого, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлан таниулах, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, өсвөр үе, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, төрийн халамж үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг олон чиглэлд үндсэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top