ТАНИЛЦ: Үнийн өсөлтийг бууруулах талаар авч буй арга хэмжээ

2022 оны 04 сарын 15

Монгол Улсын Засгийн газраас ОХУ-Украины хямралт байдлаас үүдэж, олон улсад үүсэж буй эдийн засгийн түр хугацааны шокоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор өнөөдөр /2022.04.15/ батлууллаа.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр

Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсөж буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргаж байгаа юм. Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.

Хоёрдугаарт. Гурил, махны үнэ. Энэ хууль батлагдсанаар төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.

 Мөн Засгийн газрын хуралдаанаар цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо.  

Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгохоор боллоо. Хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих болно.
 
Цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь одоогийн байдлаар үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байна, цаашид гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг ч үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top