Хүнсний бараа, бензиний үнийн өөрчлөлтийг танилцуулахыг үүрэг болгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр (2022.04.18) боллоо.

Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:

-Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг Газар дэлхий, Гео ботаник гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж буй бөгөөд ирэх тавдугаар сард дуусгаж, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн.  Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаа гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ой, усны хамгаалалтын бүсэд 15.600 нэгж талбар  багтаж байгаа. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ. Түүхийн дурсгалт дөрвөн байршилд есөн нэгж талбар өртөж байгаа. Эдгээрийн гурвынх нь газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд бусад байршлыг энэ ондоо багтаан цэгцэлнэ гэв. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах бөгөөд түүнд өртөж буй 451 нэгж талбар байгаа аж. Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ гэв.

Өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулахыг үүрэг болгов
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
 

  • Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийх ажлыг  эрчимжүүлэх
     
  • Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
     
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийх
     
  • Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх 
     
  • Нийслэлийн хүн ам ихээр үйлчлүүлдэг томоохон цэгүүдээс (зах, худалдааны төв, супермаркет) өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулах
     
  • Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх
     
  • Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг  буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх   зэрэг үүрэг даалгаврыг Хотын даргын зүгээс нийслэлийн удирдах ажилтнуудад өглөө.


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top