Г.Ёндон: Хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жилүүдээс 3-4 дахин нэмж олгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Газрын тос дамжуулах хоолойн төслийн хамтран ажиллах ерөнхий гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа өчигдөр / 2022.04.18 / Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд боллоо. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой газрын тос дамжуулах хоолой, тэсэлгээний азотын бордоо, уул уурхайн лиценз, импортын газрын тосны үнийг барих талаар ярилцсан юм.


-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос өмнө газрын тос дамжуулах хоолойн ажлыг хийх хэрэгтэй юу?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн дотоодын түүхий эдэд суурилсан, түүний салшгүй хэсэг гэж болох нефть дамжуулах хоолойн бүтээн байгуулах ажлыг хийхэд гарын үсэг зурлаа. Энэ бол манайд тээврийн салбарын цоо шинэ эхлэл хэмээн хэлж болно.

Дамжуулах хоолойгоор тээвэрлэнэ гэдэг маш олон талын ач холбогдолтой. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн ЕРС-1 гэрээт ажил 2021 онд эхэлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу амжилттай явж байна. Дамжуулах хоолойн тендерийг 2021 оны гуравдугаар сард урьдчилсан байдлаар зарласан. Тээвэр ложистикийн нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн 22 компани санал ирүүлсэн байлаа. Хамгийн сүүлд дөрвөн компаниас санал ирүүлсэн юм. Японы нэг, Энэтхэгийн нэг, БНХАУ-ын хоёр компани санал ирүүлсэн.

Тендерт сонгосон компани бол хамгийн хямд, гэхдээ техник технологийн хувьд боломжит саналыг ирүүлсэн учраас сонгосон юм. Энэхүү компанийн санал болгосон саналаар төслийн оролцогч талууд бүгд цугласан. ЕРС-1 гэрээ бол Монгол газрын тос боловсруулах үйлдвэр болон БНХАУ-ын Норинко Интернэйшнл компанийн хооронд хийж байгаа зүйл. Санхүүжилтийн хувьд нүүрсээр санхүүжүүлэх таатай нөхцөлтэй. Энэхүү гэрээ бол Эрдэнэс Тавантолгой компани, Норинко, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн хооронд хийгдэх ёстой. Ерөнхий гэрээг захиалагч гэх утгаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам батлах гэрээг зурлаа.

-Дамжуулах хоолойд олон давуу тал байгаа гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юү?

-Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Манай орны газрын тос зууралданги чанар өндөртэй. Тиймээс уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замаар ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй юм. Зардлын хувьд нэг тонн газрын тосыг 530 км дамжуулах хоолойгоор тээвэрлэхэд ойролцоогоор найман ам.дол­лар, төмөр замаар тээвэрлэхэд 11 ам.дол­лар, авто замаар тээвэрлэхэд 60 ам.дол­ларын өртөгтэй байхаар тооцоо бий. Үүнээс харахад эдийн засгийн хэмнэлт их болно.

Хоёрдугаарт, байгальд орчинд ээлтэй тээвэр. Дамжуулах хоолойг газар доогуур барьж буйгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй. Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажилладгаараа давуу талтай. Хоолойн шугам сүлжээг бүхэлд нь автомат системээр хянадаг учраас гэмтэл гарах нь бага. Энэхүү технологийг дэлхийн олон улс хэрэглээнд нэвтрүүлээд 100 гаруй жил болж байгаа.

-ЕРС-1 гэрээ ажил хэрэг болж байна. ЕРС-2, ЕРС-3 гэрээний хувьд аль шатандаа яваа вэ?

-Манайх улс газрын тосны нөөц их. Тэгсэн атлаа импортоос 100 хувь хамааралтай байдаг. Дотооддоо түүхий газрын тостой ч импортоос хамааралтай байгаа нь маш ойлгомжгүй асуудал. Дамжуулах хоолойн төслийг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлсэн. Газрын тос байгуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын чухал салшгүй хэсэг нь дамжуулах хоолой. ЕРС-1 гэрээ амжилттайгаар ажил хэрэг болсон. ЕРС-2 болон ЕРС-3-ийн хувьд тендерийн санал ирүүлсэн компаниудын хэлцлийн шатанд ажил үргэлжилж байна.

-Газрын тосны үйлдвэр барих төсөл эхлэх үед дамжуулах хоолойн төсөл хамт эхлэх байсан юм биш үү. Дамжуулах хоолойн төслийг үйлдвэр барих төслийн дараа эхлүүлсэн нь хоцорсон үйлдэл мэт харагдаж байна л даа?

-Хоцорч буй асуудал биш. Техник эдийн засгийн үндэслэлийг анх хийхэд дамжуулах хоолойн асуудал дотор нь байсан. Өнгөрсөн жил тендерээ зэрэг зарласан юм. Гэвч тээвэр, ложистикийн асуудлаас болж тендерийн хугацааг олон удаа сунгасан. Дамжуулах хоолойн тендерийн хугацааны хувьд таван удаа сунгагдсан байдаг. Мөн ЕРС-2 гэрээг таван удаа сунгаж байна. ЕРС-3 гэрээ долоон удаа сунгагдаж байгаа зэрэг асуудлууд байгаа.

-Хугацаа нь сунгагдсан гол шалтгаан нь юу вэ?

-Шалтгаан нь тээвэр ложистиктэй холбоотой зардал өсөөд байгаа учраас эцсийн үнээ тавихад компаниудад хүнд­рэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ шалтгаанаар хойшлуулж байсан. Эрдэнэс Тавантолгой компани энэхүү тендерт санхүүжүүлэгчээр орж ирж байгаа хэмээн хэлж болно.

-Эрдэнэс Тавантолгой компани санхүү­­жүү­лэгчээр орох нь ямар давуу байдлыг үүсгэж байгаа юм бэ. Шалтгаангүйгээр төслийн багт оруулна гэж байхгүй шүү дээ?

-Энэхүү компанийн тавьсан санал маш таатай нөхцөлтэй санал юм. Учир нь Засгийн газрын баталгаа нэхэхгүй. Мөн нүүрсээр төлбөрөө хийх боломжтой юм. Тийм учраас нэг нөхцөл нь хүү бодогдохгүй гэсэн үг. Тэгэхээр анхнаасаа санал ирүүлсэн компаниуд дотроос Норинко Интернэйшнл компанийн үнэ 30 хувиар хямд байсан. Тийм учраас тус компанитай гэрээ бай­гуулж байгаа. Эрдэнэс Тавантолгой компани шаардлагатай нүүрсийг гаргана. Эрдэнэс Тавантолгой, Монгол газрын тос боловс­руулах үйлдвэр хоёр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа эргээд мөнгөө төлөх хэлцэлтэй явж байгаа. Товчхондоо бартерийн арга гэсэн үг.

-Гурван жилийн хугацаанд хэр хэмжээний нүүрсийг төлбөрт өгөх вэ?

-Мэдээжийн хэрэг нүүрсний үнээс хамаарна. Өнөөгийн үнээр тооцоолбол гурван сая орчим тонн нүүрс болно. Нэг жилд нэг сая тонн нүүрс гэсэн үг. Ачаалал харьцангуй бага хэлцэл болж чадсан.

-Уул уурхайн тэсэлгээний бодист азотын бордоог ашигладаг. Орос болон Украины дайны нөхцөл байдлаас үүдэж манай улс ОХУ-аас авч буй азотын бордооны нөөц, хүрэлцээ, нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх үү?

-Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниудын тэсрэх материалыг үйлдвэрлэдэг гол түүхий эд бол азотын бордоо байдаг. Өнөөдрийн байдлаар нөөц хангалттай бий. ОХУ-д 2021 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр гадаадын улсад экспортлохыг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол нь хэрэгжиж эхэлсний дараа Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд очиж, ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамтай гэрээ хэлцэл хийсэн. Тавдугаар сарын 31 хүртэл хориглосон байсан шүү дээ. Бид нэгдүгээр сарын 01-нээс ачилтыг эхлүүлсэн.

Харамсалтай нь хоёрдугаар сарын 01-нээс дахин тус улсын Засгийн газрын тогтоол гарч, дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл хориглосон. Ингээд гуравдугаар сард очиж, энэ асуудлаар Үйлдвэр, худалдааны яамтай ярилцсаны үндсэн дээр ачилтыг дахин эхлүүлсэн. Үйлдвэр, худалдааны яам дөрөвдүгээр сарын 01-нээс хойш зөвшөөрлийг сар, сараар сунгаад явж байгаа. Одоо бол дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны зөвшөөрлийг монголын аж ахуйн нэгжүүдэд сунгасан байгаа. ОХУ-ын Засгийн газраас 2-3 хоногийн өмнө мэдээлэл гаргасан. Энэ нь ОХУ-ын Ерөнхий сайдын гаргасан тогтоол юм. Экспортод гаргаж буй азотын бордооны экспортын зөвшөөрлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа. Бидний хувьд хэдийгээр зөвшөөрөл байгаа боловч арай илүү таатай нөхцөл байдал орж байна хэмээн харж байгаа.

-Уул уурхайн салбар жилдээ хэд орчим азотын бордоо авдаг вэ?

-Ер нь бол 130-170 мянган тонн хооронд хэлбэлздэг. Өнөөдрийн байдлаарх нөөц аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд хангалттай хүрнэ. Манайхан мөхлөгт хэмээн ярьдаг. Азотын бордоог эмульсийн тэсрэх бодисын түүхий эдийн хувьд хөдөө аж ахуйн бордоонд хэрэглэдэг. Энэхүү бордоонд багахан асуудал байгаа.

-Ерөнхий сайд жижиг уурхайнуудыг дэмжиж ажиллана хэмээн ярьж байгаа. Жижиг уурхайнуудад лиценз олгох ажил хэр явж байгаа вэ. Энэ онд хэчнээн компанид лиценз олгох вэ?

-Хайгуулын лиценз олголтын асуудлыг ярьж байх шиг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба хамтраад хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан. Цахим байдлаар явуулахтай холбоотойгоор сургалтуудыг зохион байгуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 250 орчим аж ахуйн нэгжүүдэд энэхүү сургалтыг танхимаар зохион байгуулсан. Энэ долоо хоногт хоёр удаа цахимаар зохион байгуулна.

Бид өмнө нь хэлж байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт бол уул уурхайн үйлдвэрлэлээс 10-20 жилийн өмнө түрүүлж явж байх ёстой. Геологийн салбар маань дараа дараагийн ашиглах ордын нөөцийг бэлтгэдэг салбар шүү дээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн 10 орчим жил зогсолтын байдалтай байлгасан. Салбарын хувьд зайлшгүй шийдэх ёстой чухал асуудал байсан юм. Энэ онд өнгөрсөн жилүүдээс 3-4 дахин олон тусгай зөвшөөрлийг олгоно хэмээн төлөвлөж байгаа.

-ОХУ газрын тос экспортлохдоо улсаасаа хамаарч тодорхой хэмжээний хориг тавиад байна. Манай улсын хувьд газрын тосоо 100 хувь импортоор авдаг. Ямар нэгэн байдлаар газрын тос тасалдах эрсдэл үүсэх вий гэх болгоомжлол байна шүү дээ?

-Газрын тос тасрах эрсдэл байхгүй. Нэгдүгээрт, гуравдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Роснефть компанийн гүйцэтгэх захиралтай уулзсан. Энэ үеэр нөөцийн хомсдолын асуудлыг нарийвчлан ярьсан юм. Монголын газрын тосны нөөцөд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Хоёрдугаарт, өчигдөр 10.00 цагт Монголбанканд Монголбанкны удирдлага, арилжааны банкуудын удирдлага, нефть импортлогч томоохон компаниудын төлөөллүүд уулзлаа. Уулзалтын үеэр сүүлд батлагдсан хуулийн төслийн талаар голчлон ярилцав.

Хуулийн төсөлд импортлогч компаниудтай холбоотой гурван чухал асуудлыг тусгасан. Нэг дэх нь эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Гол нь 45 хоногийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай. Хоёр дахь асуудал бол урьдчилгаа төлбөрийн хөнгөлттэй зээлийг олгоно. Урьдчилгаа зээлийн хөнгөлөлт нь ямар учиртай вэ гэвэл Засгийн газар Роснефть компанитай хэлэлцээ хийж, үнийг өнөөгийн байгаа түвшнээс нэмэгдүүлэхгүй байхын тулд тодорхой саруудын урьдчилгаа төлбөрийг төлж байгаа гэсэн үг. Монголбанкны зүгээс энэхүү зээлийг аж ахуйн нэгжүүдэд шийдэж өгч байгаа. Гурав дахь асуудал нь гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалж байгаа хэмээн хэлж болно. Импортын асуудлыг ингэж шийдэж байгаа.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 160 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэх статистик мэдээллийг ОХУ-аас гаргасан байна. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн ч манай улс импортолж авах үнэд нөлөө­лөхгүй хэмээн ойлгож болох нь ээ?

-Ямар ч байсан бидний хувьд өнөөдөр зөвхөн АИ-92 шатахууны хувьд ярьж байна шүү дээ. Үнийг өсгөхгүй байх тал дээр Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

-Бид түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн үеийг ашиглаж чадвал ихээхэн давуу тал үүснэ. Гэтэл өнөөдөр тээвэр, ложистикийн асуудалтай тулгараад байна. Зам тээврийн хөгжлийн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтарч ямар нэгэн арга хэмжээ авахгүй хэрэг үү?

-Мэдээжийн хэрэг бид үнэ өссөн үеийг ашиглах хэрэгтэй. Тийм ч учраас өмнө дурдсанчлан зэс, алтны экспорт нэмэгдсэн. Нүүрсэнд асуудал тулгарсан. Тээвэр, ложистикийн асуудал бий. Тээвэр, ложистиктой холбоотой асуудлыг Зам тээврийн хөгжлийн яамнаас дэлгэрүүлж тодруулах хэрэгтэй.

-Өнөөдрийн байдлаар уул уурхайн экспорт ямар хэмжээнд байна вэ. Энэ талаар ярихгүй юү?

-Зэсийн баяжмал өнөөдрийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 14 гаруй хувиар илүү тээвэрлэгдэж байна. Зэсийн баяжмал өндөр ханштай байгаа энэ нөхцөл байдалд сайн үзүүлэлт. Нөгөө талаас нүүрсний тээвэр хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Энэ бол их чухал асуудал. Нүүрсний хувьд өнгөрсөн оны мөн үеэс 58 хувиар хоцорч байна. Хоцорч буй шалтгаан ойлгомжтой. БНХАУ-ын талаас баримталж байгаа хорио цээрийн дэглэм, хилийн боомтуудаар баримталж буй бодлого зэргийг дурдаж болно.

Үүнд Засгийн газраас онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаа. Улмаар дөрвөн боомтоор орж, ажиллаад ирсэн. Бидний зүгээс БНХАУ-тай ярьж буй асуудал бол тээвэрлэлт буюу экспортын гарцыг нэмэх асуудал байгаа. Алт тушаалт өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар илүү байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(66.181.161.108) 2022 оны 04 сарын 20

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод яахав дээ. Хууль эрхзүйн орчин төрийн дарамт, орон нутгийн шантаажаа болихгүй бол хэцүү шдээ.

0  |  0
Top