Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 280 цэцэрлэг барих шаардлагатай

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо  өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төсөл болон сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Түр хорооны хуралдааны хоёр дахь асуудал нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх байлаа.  Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, гурван настнуудын 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан бол хоёр настнуудын 53.9 хувь нь цэцэрлэгт хамрагджээ.

Үүнээс үзвэл, Улаанбаатар хотод 38.538, орон нутагт 334.159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм. Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг бий. Тэдгээрийн 276 нь төрийн өмчит, 398 нь хувийн хэвшлийнх. Энэ хичээлийн жилд зургаан дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байгаа бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна.  Хэт ачаалалтай цэцэрлэгүүд  58 мянга орчим хүүхдийн орон тоонд 77 мянга орчим хүүхэд аваад байгаа юм.

 

 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан байна. Тэрхүү шийдлийг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Тэрбээр “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол, улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсах зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

 


 

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн найм нь орон сууцны, 26 нь шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэллээ.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч, 2-3 насны хүүхдийг тус үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгаа хийсэн байна. Салбарын яамнаас гурав хүртэлх настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэхэд хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардлыг шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн тогтолцоогоор сугалаагаар цэцэрлэгт орсон хүүхдэд л хувьсах зардлыг олгож байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцолсон.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.5.206.167) 2022 оны 04 сарын 20

Өмнө бүр өмнө нь үдэлт,у угталтын шавар хаалга, нохой, эр хүний бэлэг эрхтний хөшөө барьж байхын оронд цэцэрлэг барьж байх байж дэ. Сонгуулийн тухай хуулинд тусгай заалт оруулж өгмөөр байна. Нэр дэвшигсдийн гэр бүлийн тогтвортой байдал /эхнэрээ сайжруулж, хүүхэд өнчрүүлж байсан эсэх/, ял шийтгэл эдэлж байсан эсэх /хүний амь, хүчин хийж байсан эсэх/хамгийн гол нь мэдрэл нь зүгээр эсэхийг нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйчийн багаар тодорхойлуулах заалт оруулах

0  |  0
Top