“4 аймаг 400 км” явган алхалтын хөтөлбөр нь 2022 онд хавар, зун, намрын 3 удаагийн цуврал аялалыг төлөвлөөд байгаа бөгөөд эхний удаа эх орныхоо Алтай, Хангай, Говийн нутаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгаар нийт 400 км-ийг явганаар туулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-нд Архангай аймгийн төвд аялалаа амжилттай өндөрлүүлэв.
Энэхүү явган алхалтын хөтөлбөрийн талаар эргэн сануулахад, иргэдийг явган алхалтанд уриалах, үлгэрлэн дагуулах зорилгоор Монголын явган алхалтын холбооноос (Mongolian Walking Association) зохион байгуулж буй “4 аймаг 400 км” уртын алхалтын хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 09-нд эхлүүлж тус холбооны 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр замдаа гарсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дэх заалтын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчин, эмгэгийг бууруулах зорилгоор Монгол улсын хэмжээнд томоохон аян, үйл ажиллагаанууд өрнөж байна.
Тухайлбал, Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” үндэсний аяныг энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэн зургаадугаар сарын 01-ний өдрийг дуустал үргэлжилж байгаа бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг энэ оны тавдугаар сарын 20-оос улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү аяны үзэл санаа, зорилгыг дэмжиж “4 аймаг 400 км” багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Э.Чойсүрэн ахлагчийн санаачилга, удирдлага дор тус холбооны гишүүд болох Спортын мастер Ц.Баярхүү, Спортын мастер С.Батболд, Спортын мастер Ж.Тулга, Role Model Walker 2021 алхагч Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтжээ.
Алхагчдыг замдаа гарахын өмнө Монгол улсын Эрүүл Мэндийн Яаман дээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Бямбатогтох, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч, уртын явган аялалд нь амжилт хүсч, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилан таниулах үйлсэд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлж, байгууллагын тугийг гардуулан өгч, үдэж байв.
“4 аймаг 400 км” явган алхалтын багийнхан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотоос алхалтаа албан ёсоор эхлүүлсэн өдрөөс эхлэн тасралтгүй 10 хоногийн туршид цасан шамарга тавьж, эрчит салхи шуурч, өндөр уулс, хадан хясаа, хөр цас, цөн түрж мөс хайлсан гол мөрөн гээд бишгүй саад бэрхшээл дундуур аялалаа үргэлжлүүлсээр Архангай аймагт хүрэлцэн ирж аялалаа амжилттай өндөрлүүлсэн юм. Багийн гишүүд хэдийгээр байгалийн сорилт, бэрхшээл дундуур алхсан ч явах тусам зориг чангарч, зорилго нь тодорч, замдаа сайн явж ирлээ.
“4 аймаг 400 км” багийнхан эр зориг, тэвчээр хатуужил, арга туршлага, эв нэгдэл, нарийн зохион байгуулалт, багийн ажиллагааны хүчээр эрсдэл ихтэй хүндхэн замыг амжилттай тууллаа. Энэ оны долоодугаар сард “4 аймаг 400 км” үзэл санааны алхалтын дараагийн баг тамирчид явган аялалаа эхлүүлэх бөгөөд 10-р сард энэ оны сүүлийн баг тамирчид аялалдаа гарцгаах юм.
Сэтгэгдэл ( 0 )