Хөвсгөлийн есөн сум хорио цээрийн дэглэмтэй байна

2022 оны 05 сарын 01

Хөвсгөл аймгийн шүлхий өвчин болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар Мал эмнэлгийн газрын Өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Л.Баярмаагаас тодрууллаа.


-Хөвсгөл аймгийн хэмжээнд шүлхий өвчний тархалт хэр байна вэ. Ямар  сумдаар тархалт өндөр байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар манай аймгийн есөн сумын  10 голомтод хорио цээрийн хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна. Тодруулбал, гурван сумын дөрвөн голомтод, зургаан сумын зургаан голомтод хязгаарлалтын дэглэмтэй байна.

-Аймгийн хэмжээнд нийт хэдэн тоо толгой малд шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх тарилга хийсэн бэ?

-Аймгийн хэмжээнд нийт 504 мянган толгой үхэр, 2448 толгой цаа буга, 534 толгой гахай урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдахаас  өнөөдрийн байдлаар 10.235 өрхийн 361.957 үхэр, 410 гахай, гурван цаа буга нийлээд  362 мянган толгой мал, амьтаныг   вакцинжуулаад байна. Вакцинжуулалтын ажилд 101 хэсэгт 578 хүн ажиллаж байна. Удирдах ажилтан 120, малын эмч 111, техникч 52, туслах ажилтан 231, жолооч 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

- Ямар сум шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтдаа хамгийн өндөр хувьтай хамрагдсан байна вэ?

-Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Тариалан, Тосонцэнгэл, Шинэ-Идэр зэрэг сумын дархлаажуулалтын хувь 75-93 хувьтай байна. Ханх болон Цагааннуур, Баянзүрх сумынх 37-44 хувьтай байгаа.

-Цаг агаар хаваржилтын байдал ямар байна.  Хөдөө орон нутгаар дархлаажуулалтын ажил явуулахад хүндрэлтэй зүйл нь юу байна вэ?

-Уулархаг нутаг болох Бүрэнтогтох, Цэцэрлэг, Баянзүрх, Жаргалан, Галт, Ханх, Рэнчинлүмбэ суманд нойтон цас их хэмжээгээр орсны улмаас  гол, мөрний усны түвшин нэмэгдэж, зам боогдох байдал ажиглагдаж байна. Хүчтэй салхи шуурганы улмаар аймгийн төв болон зарим суманд  өдөрт 1-3 удаа тог тасарч байгаа нь хүндрэлтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top