Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав.

Хуралдааны эхэнд өмнөх шуурхайгаас Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Урин цаг ирж, Улаанбаатар хотод тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил өрнөж байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулж, Туул, Сэлбэ, Дунд гол дагуух тохижилтын ажилд иргэд идэвхтэй оролцож, иргэдийн 188 бүлэг хамтран ажиллажээ. Голуудын ай сав орчимд иргэд олноороо амарч, зугаалдаг. Тиймээс голын эрэг дагуу олон нийтийн соёл, амралтын хүрээлэн байгуулах үүрэг даалгаврыг Хотын дарга өгсөн. Энэ дагуу Их тэнгэрийн ам, Туул гол дагуу хоёр байршилд амралтын бүс байгуулна. Инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх, шаардлагатай бол газар чөлөөлөх ажил өрнүүлэх үүргийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газраас шалгалт зохион байгуулахад 10 байршилд үерийн бүс болоод далан суваг, хамгаалах байгууламж дээр ажлын байр барьсан, үйлчилгээний объект, чингэлэг контейнер байршуулсан зөрчил илэрчээ. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэхээр албан шаардлага хүргүүлээд байна.

 

 

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, газрын зөрчлийг арилгах үүднээс зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгаж, 66 мянган метр квадрат талбайг тохижуулж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 44 байршлын 1143 гараашийг буулгаж, 20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ. Чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийж байна.

193  тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй байна
 


Нийслэл хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 678 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс 657 төсөл, арга хэмжээг харьяа байгууллагуудад шилжүүлж, 14 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлэхээр санал авах шатандаа байгаа юм. Нийслэлийн Засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэлт 96.9 хувьтай байна. Он гарсаар Нийслэлийн Засаг даргын 19 захирамжаар 55 төсөл, арга хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулжээ.

Өнөөдрийн байдлаар 193  тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй  бол материал ирүүлсэн ч шаардлага хангасан оролцогч оролцоогүй 82 төсөл арга хэмжээ байгаа аж. Нийт 275 төсөл арга хэмжээ дээрх хоёр шалтгааны улмаас тендерийн шалгаруулалт хийгдээгүй байна.

23 байршилд газар чөлөөлөхөөс гурваас бусад байршлын хувьд асуудал бэрхшээл үүсэхгүй гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон.

Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно
 


Тавдугаар сарын нэгнээс эхэлж буй эрүүл мэндийн оношилгоо, эрт илрүүлэг үзлэгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

-Монгол Улсын Засгийн газраас  бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Эрт илрүүлэг шинжилгээ нь 2022 оны тавдугаар сарын нэгнээс 2023 оны тавдугаар сарын нэгний өдрийг хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гаргаж, хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товын дагуу урилга хүргэж байгаа. Иргэдийн наснаас шалтгаалан өөр өөр шинжилгээ хийнэ. Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан.

Мөн эрт илрүүлэгт цахим хөтөлбөрийг өргөн хүрээнд нэвтрүүлнэ. Иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх юм. Бүтэн жил үргэлжлэх энэхүү үзлэгт  төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно.

Нийслэлд цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулна
 


Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод тавдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд өрнөнө. Цэрэг татлага нь олон байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээний ажил байдаг. Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцдог онцлогтой гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт тодотгож байлаа.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.

Нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ноос ажиллуулах үүрэг өглөө
 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.
 


Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд:

 

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,  Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын хэмнэлтийг хийж, төсвийн тодотголыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
     
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд зогсоох.
     
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай,  Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллах.
     
  • Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлэх

 

Хөрөнгө оруулалтын төсөл, арга  хэмжээний хүрээнд:
 

  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийг бүх шатанд эрчимжүүлэх.
     
  • Авто замын болон  барилга, байгууламжийн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, барилгын машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих.

 

Цаг үеийн бусад асуудлын  хүрээнд:
 

  • Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
     
  • Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
     
  • Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөл байгуулах,  арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулах,
     
  • Зуны улирал ирсэнтэй холбогдуулан нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулах,
     
  • Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарах, ойролцоо амьдардаг олон нийтэд мэдээлэл хүргэх,
     
  • Хүүхдүүд гадаа тоглож наадах цаг үе эхлээд байна. Эцэг эхчүүдийн анхаарал сарнидаг. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top