Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2022.05.03/ гудамжны хоолны бизнес эрхэлдэг залуусын төлөөлөлтэй уулзаж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх тухай захирамж гаргаснаа танилцууллаа.
Тус захирамжаар нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Ингэснээр стандарт, шаардлага хангасан гудамжны хоолны үйлчилгээг нийслэлийн нутаг дэвсгэрийн хаана ч чөлөөтэй эрхлэх боломж бүрдлээ.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг бүхий л байдлаар дэмжин ажиллахыг зорьж, оны босгон дээр 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон. Гэсэн хэдий ч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулах байдал гарсаар байгаа тул дээрх захирамжийг гарган, мөн үндэслэлгүйгээр иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал үзүүлж байгаа төрийн байгууллагын холбогдох албан тушаалтны талаар мэдээлж байхыг хүссэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Бизнес эрхэлж буй иргэд хувьдаа ашиг орлого олохоос гадна улсын эдийн засагт хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгодог. Иймд бизнес эрхлэгчид, ялангуяа эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй иргэдээ бүх талаар дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлэв.
“Food station” гудамжны хоолны үйлчилгээг үүсгэн байгуулагч О.Билгүүн энэ төрлийн бизнесийн эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулж болох нийтийн эзэмшлийн талбайн байршил тодорхойгүй байх бэрхшээл тулгардаг болохыг онцолж байлаа. Тиймээс өнөөдрийн уулзалтаар цаашид энэ асуудлыг тодорхой байлгах, уг бэрхшээлийг шийдвэрлэх талаар ч мөн ярилцсан юм. Түүнчлэн Хотын стандарт, хяналтын газраас тус залуучуудад санал тавьж, гудамжны хоолны стандартыг хамтран батлахаар боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 0 )