Жендэрийн үндэсний хороо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж буй.
Тус төслийн хүрээнд “Байгууллагын захиргааны дотоод дүрэм, журамд жендэрийн асуудлыг тусгах нь” семинарыг НЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга болоод ахлах мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа. Уг семинар нь шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн асуудал; эмэгтэй, эрэгтэй ажилтанд албан тушаал эрхлэх, ахиж дэвших боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байгууллагын захиргааны дотоод дүрэм, журам; хүний нөөцийн бодлогыг жендэрийн өнцгөөс шинжлэх; сайн жишээ туршлагыг илрүүлэх зорилготой.
Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны жендэрийн зөвлөх Т.Амгалан албан хаагчдад “Монгол Улсын төрөөс баримталж буй жендэрийн бодлого, хууль эрх зүйн орчин ба Жендэрийн үндсэн ойлголт”, “Төрийн байгууллагын жендэрийн мэдрэмжтэй тэгш хандлагын баталгаа, бодлого, журам, санаачилга” зэрэг сэдвээр танилцуулга хийн, ойлголт өгөв.
Мөн албан хаагчид шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн асуудлын хүрээнд санал солилцон хэлэлцсэн бөгөөд жендэрийн дүн шинжилгээ, баримтын судалгааны үр дүнтэй танилцлаа.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 0 )