Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Мөн эл өдөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг хамтатган зохион байгуулах юм.
ХЭВТЭЭ ЧИГЛЭЛИЙН ГОЛ ЗАМУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА
“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм.
“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог. Одоогоор чиглэлийн өөрчлөлт хараахан батлагдаагүй байна. Мөн өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.
“УЛААНБААТАР МАРАФОН-2022”-Д ОРОЛЦОГЧДЫГ ТАВДУГААР САРЫН 20-Н ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ
Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. 2014 оноос эхэлсэн марафон гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр иржээ. 2014 онд 16.839, 2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 гаруй иргэн оролцжээ. Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.
Олон улсын гүйлтийн тэмцээнийг угтан Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд 60 хоногийн хугацаатай аялуулж байна. “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.marathon.ulaanbaatar.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж буй. Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )