Сүүлийн жилүүдэд хүүхэд гэмт хэргийн улмаас хохирох, эрх нь зөрчигдөх тохиолдлын тоо буурахгүй, жилээс жилд өсөх хандлагатай байна.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийн зөрчил гэхэд 2019 онд 1411 бүртгэгдэж байсан бол 2020 онд 3215, 2021 онд 4651 болж 2-3 дахин өсжээ. Тиймээс “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг ирэх зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд, Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 2021 онд Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн талаар судалгаа хийжээ. Судалгааг хийхдээ 2020, 2021 оны нэгдүгээр улиралд шалгаж шийдвэрлэгдсэн Хүүхдийн эрхийн зөрчлийн материалуудыг нэг бүрчлэн үзэж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гол шалтгаан нөхцөл юу болохыг тогтоохыг зорьсон байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн хэргүүдийг хуульчилсан байдаг бөгөөд нийт 15 төрлийн зөрчил байдаг.
Үүнээс “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил нийт зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, 2020 онд бүртгэгдсэн 3,215 зөрчлийн 80.7 хувь нь, 2021 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн 1,162 зөрчлийн 96.7 хувийг дээрх төрлийн зөрчлийн хэрэг эзэлж байсан.
Мөн шүүхийн шийтгэвэрт хийсэн дүн шинжилгээгээр 1,207 тохиолдлын 14.3 хувь нь “Шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил эзэлж, 1,034 буюу 85.6 хувь нь “Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчил эзэлж, гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч нь хүүхэд болж байгааг харуулсан байна.
Судалгааг зөвхөн бүртгэгдэж шалгагдсан хэргүүд дээр хийхэд ойролцоогоор 4,700 хүүхдийн эрх зөрчигдсөн байжээ. Гэтэл илрэх боломжтой боловч илрээгүй олон зөрчил байж болзошгүй нь мөн судалгааны дүнд гарчээ.
Тухайлбал, хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, тамхи олж авах, хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлсэн, аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан, сургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн зэрэг зөрчлүүдийг дурджээ.
Прокурорын байгууллагаас дээрх судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )