Хагас секунд тутамд нэг хүүхэд цахим ертөнцөд анх удаа хөл тавьдаг

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Хүүхэд, залуус яахын аргагүй сүлжээний технологийн хөгжлийн хөдөлгөгч хүч мөн. 2022 онд 8-17 насныхны 93 хувь нь интернэт идэвхтэй ашиглаж байсан бол бусад насныхны хувьд энэ үзүүлэлт 65 хувь байжээ. Орчин үед хүүхдүүд ихэнх цагаа интернэт орчинд өнгөрүүлэх болсон. Дэлхий дахинд хагас секунд тутамд нэг хүүхэд цахим ертөнцөд анх удаа хөл тавьдаг байна.

Энэ нь хүүхэд, залууст харилцаа холбоо тогтоох, сурах, нийгэмших, шинэ санаа төрөх, мэдээлэл авах зэрэг урьд өмнө байгаагүй асар өргөн боломж нээж байна. Гэвч энэ хязгааргүй боломжтой зэрэгцэн ноцтой эрсдэлүүдтэй нүүр тулж байна. Тэд цахим дээрэлхэлт болон бусад хэлбэрийн хүчирхийллийн золиос болдог. Дэлхийн 30 орны хүүхдүүдийн 30 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол таван хүүхэд тутмын нэг нь үүнээс болж хичээлээ таслахад хүрдэг. Залуу хэрэглэгчдийн 72 хувь цахим заналхийлэлд өртөж байсан судалгаа бий. Цахим ертөнцөд хүүхэд, өсвөр насныхан үзэн ядалт, хүчирхийлэлд өртөхөөс гадна өөрийнхөө бие эрхтнийг гэмтээх, тэр бүү хэл амиа хорлох сэдэл төрүүлсэн мэдээллийн золиос болох нь ч нэмэгдэж байна. Интернэтийн залуу хэрэглэгчдийг хэт даврагч, алан хядагчид зэрэг гэмт бүлэглэлд элсүүлэхэд илүү хялбар байдаг. Тоон платформыг худал мэдээлэл, хуйвалдааны онолыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж байгаа нь хүүхэд, өсвөр насныханд хортой нөлөө үзүүлж байгаа нь НҮБ-ын хүүхдийг хамгаалах сангаас явуулсан судалгаа харуулжээ.

Интернэт дэх бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн аюул бүх нийтийн санааг түгшээж байна. Дэлхийн 25 орны хүүхдүүдийн 80 гаруй хувь интернэтэд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх аюултай нүүр тулж байжээ. Үүнээс гадна технологийн компаниуд маркетингийн зорилгоор хувийн мэдээлэл цуглуулах замаар хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна. Хүүхдүүдэд чиглэсэн маркетинг хүүхдийг илүү их цагийг интернэт орчинд өнгөрүүлэх сонирхлыг нь татаж, эрүүл хөгжилд мөн заналхийлж байна.

Цахим ертөнцөд хүүхдийг хамгаалах тухай хуулиуд

АНУ-д анх Калифорни муж 18-аас доош насны интернэт хэрэглэгчдэд зориулж сайт болон аппликэйшнд хязгаарлалт тавихыг шаардсан хууль баталж байв.

2023 оны дөрөвдүгээр сард Конгрессын гишүүн Кэти Кастор Интернэтэд хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах тухай 1998 оны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдсэн.

Германд Интернэтэд хүүхдийг хамгаалах тухай хууль үйлчилдэг. Хуулийн дагуу контент нийлүүлэгчид бүтээгдэхүүндээ насны ангилал заах ёстой. Түүнчлэн уг хууль хүүхэд, өсвөр насныхныг дээрэлхэлт, санхүүгийн занганаас хамгаалах зорилготой.

БНХАУ-ын эрх баригчид насан хүрээгүй хүүхдүүдийг видео тоглоом тоглох хугацааг хязгаарласан. Ингэхдээ тоглоомын платформууд хэрэглэгчдийн жинхэнэ нэр, утасны дугаарыг шаалгах үүрэгтэй.

Үүнтэй зэрэгцэн Европын парламентаас баталсан тоон үйлчилгээний нэгдсэн зах зээлийн тухай хуульд хүүхдийн эрсдэлийг арилгах үүргийг цахим платформуудад ногдуулжээ. Италид эцэг эх болон 14-өөс дээш насныхан тухайн сайтаас хор уршигтай контентыг 48 цагийн дотор устгах шаардлага тавих эрхтэй бол Их Британид цахим аюулгүй байдлын тухай хууль үйлчилдэг байна. Хуулийн дагуу насан хүрээгүй хэрэглэгчдийн хэрэглэдэг сервисүүд тухайн контентын нөлөөг задлан шинжлэх, хязгаарлах, хохирлыг барагдуулах үүрэг хүлээдэг байна. Хууль зөрчсөн этгээдийг 18 сая хүртэл фунтын торгууль эсвэл тухайн компанийн ашгийн 18 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг байна.

Ирландын цахим аюулгүй байдлын тухай хуульд айлган сүрдүүлэх, доромжлох, хоол боловсруулах эрхтэн системд хор хөнөөлтэй, өөрийн бие эрхтнээ гэмтээх, амиа хорлох сэдэл төрүүлсэн агуулгатай материалыг түгээхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохыг заажээ.

Австралийн интернэт дэх аюулгүй байдлын тухай хуульд цахим дээрэлхэлттэй тэмцэх, хор хөнөөлтэй контентыг өргөнөөр зааж өгснөөс гадна худал мэдээлэл, терроризм, амиа хорлохыг сурталчлахыг хоригложээ.

Интернэт нь дэлхийн бүх хүүхдийн амьдралд хүчтэй нөлөөлж, хувьсан өөрчлөгдсөөр байна. Интернэтийн хэрэглээ аж үйлдвэржсэн орнуудад өндөр байгаа бол ойрын жилүүдэд бага болон дунд орлоготой улс оронд интернэт хэрэглээнд томоохон өөрчлөлт гарна хэмээн шинжээчид үзэж байна. Гэтэл Африк, Ази, Ойрх Дорнодод интернэтийн хэрэглээ, эрсдэлийн талаарх судалгаа нэн шаардлагатай байна хэмээн шинжээчид сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top