Иргэд нь ядуу бол шилдэгт тооцохоо больё

2022 оны 05 сарын 28

Хаврын сүүл сар, зуны эхэн сар өртөөлөн, гурван ч аймагт аяны дөрөө амасхийлгэв. Эхний очсон аймаг бол Дорноговь. Тус аймаг эртнээс төмөр замын сүлжээтэй, бусдаас арай эрт авто замын сүлжээтэй болсон. Үүнээс гадна хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй ч Газрын тос нэрэх үйлдвэр, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам, олноор сүндэрлэн босож буй барилга орон сууц гээд бүтээн байгуулалтын тал дээр дурдах зүйл олон.

Нөгөө талаар дэлхийд данслагдахгүй ч Айл баян гэх мэт нүүрсний уурхай, төмрийн хүдэр, жонш гээд Хятад руу зөөж байгаа уурхайнууд бий. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараар эхний тавд эрэмбэлэгдсэн байх. Түрүүлж байсан жил ч байгаа. Гагцхүү сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараараа байнга цээжинд явж ирсэн энэ аймгийн иргэдийн амьдрал огт дээшилсэнгүй. Нэг ч үйлдвэр, цех босгосонгүй. Ажлын байр ч нэмсэнгүй. Зөвхөн уул уурхай болон улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт дагасан макро түвшний өсөлт байгаагаас бодит амьдралд нөхцөл байдал дээрдээгүйгнаад захын жижиг зүйлүүдээс анзаарч болно.

Өнөөх л өндөр хүүтэй ломбарданд халамж, тэтгэврийнхээ дэвтрийг барьцаалсан, барьцаалах гэсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, арилжааны банкны үүдээр цалингийн болон хэрэглээний зээл авах, сунгах гэсэн бизнес эрхлэгчид, алба хаагчдын дараалал гээд урьдын адил. Хэдийгээр ноолуурын эрин үе дуусаагүй ч Хаан банкны үүдэнд “Малчны зээл” авах гэсэн цуваа үүсчээ. Эртнээс худалдаа эрхэлж байсан нөхөртэй яриа үүсгэхэд “Иргэд дэлгүүрт бичиг баримтаа тавьж бараа зээлчихээд алга болдог. Тэгээд ч архи, тамхи л хамгийн сайн гүйлгээтэй байх юм. Иргэдийн амьдрал хүнд байна, ажил хийх гэхээр олдохгүй. Өрхийн амьжиргааны болон бичил бизнес, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангаас зээл авах хүсэлтэй иргэд олон байгаа ч дарга нарын танил тал авдаг бололтой. Сүүлдээ тойргоос сонгогдсон гишүүдийн нөлөө ч байдаг гэж дуулдсан” гэв.

Мөн орон сууцны барилга бариулж байгаа нөхөр “Залуучууд ажил хийх сонирхолгүй байна, барилгын ажилд өдрийн 40 мянган төгрөгөөр хүн ажиллуулах зар тавиад ирэхгүй юм. Тийм байтал амьдрал ядуу, ажил байхгүй, мөнгө зээлээч гэх хүмүүс олон болжээ. Энэ нь Засгийн газар болон аймаг орон нутгаас явуулж байгаа бодлого буруу байгааг харуулж байна” гэсэн бол аймгийн Тамгын газрын алба хаагч “Улстөржилт дээд цэгтээ хүрсэн. Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх өөрийн гэсэн мэдэл байдаггүй. Тэднийг Улаанбаатараас УИХ-ын гишүүд томилдог төдийгүй удирддаг. Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нараас эхлээд бүхий л газар, агентлагийн томилгоонд гишүүд оролцдог” гэлээ.

Тус аймгийн Засаг даргаар О.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Ганзориг нар ажиллаж, хоёр гишүүн нь эрхэм хоёр даргыг нэг нэгээр нь захирдаг учраас өөрийн гэсэн толгой байхгүй гэдгийг нутгийн иргэд дуулгасан.

Товчхондоо олон жил Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарч ирсэн Дорноговийн амьдрал ахуй ийм л дүр зурагтай байна. Засгийн газраас “Шилдэг аймаг”-ийг шалгаруулахдаа тухайн ондоо орон нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг ханган, ажлын байр нэмэгдүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэн улсын хууль тогтоомж, төрийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлсэн гэх шалгуур тавьдаг. Зөвхөн “Шилдэг аймаг”-аа шалгаруулж байгаагаас харахад Монгол Улсын төрд иргэнээ гэх бодлого алга. Ядахад л аймгуудыг өрсөлдөх чадвараар эрэмбэлэхдээ иргэдийн амьжиргааны түвшин, үйлдвэр үйлчилгээ, ажлын байр зэргийг харж тодруулах учиртай.

Өдгөө Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр дагасан хөл хөдөлгөөн ихсэж, ирээдүйд том газар болно гэж байгаа ч үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болчихлоо. Төмөр зам нь тодорхойгүй болчихлоо. Орон сууцны хороолол олноор баригдаж, Сайншанд өнгө зүс нэмж байгаа ч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувийн бизнес гэх мэтээр “Шилдэг аймаг”-ийн амьдрал үргэлжилнэ. 

Дорноговиос гадна Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар удаа дараа шалгарч, олон түрүүлсэн Өмнөговь аймгийн иргэдийн амьдрал ахуй зүдүү байхаас гадна улстөржилт газар авчээ. Юуны өмнө төрийн албыг төрлийн хэлхээнд оруулж, бүх зүйлийг хууль бус аргаар шийдвэрлэдэг хэмээн иргэд нь гомдоллосон. Тус аймаг нь Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого бүрдүүлэн ажилладаг төдийгүй төсвөөс татаас авдаггүй. Эх сурвалжийн хэлж байгаагаас харахад энэ жилийн төсөв хагас их наядаар хэмжигдэж байгаа аж. Дэлхийд данстай хоёр ч том төсөл хэрэгжихээс гадна уурхай олон бий. Тийм ч учраас аймгийг засаглах хүсэлтэй нам бүлэглэл, улстөрчид олон байдаг бололтой.

Нэн даруй цэгцлэх шаардлагатай зүйл гэвэл малын бэлчээр уул уурхайн хөлд дарагдаж, улмаар малчдын амьдралд аюул тулгарсан. Сүүлийн хэдэн жил газар нутаг, бэлчээрээ хамгаалан тэмцэж байгаа ч үр дүнд хүрсэнгүй, өдрөөс өдөрт бэлчээрээ алдсаар өдгөө малаа бэлчээх газаргүй болж байгааг дуулгасан. Малчид Засаг дарга болон нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандан, арга хэмжээ авч өгөхийг удаа дараа шаардсан байна.

Харин тэд “УИХ, Засгийн газрын шийдвэртэй, монголчуудын ирээдүйн амьдрал” гэх мэтээр тархийг нь угаах гэж оролддог аж. Гэтэл малчид “Бид улс орны эдийн засагт хэрэгтэй төсөл хөтөлбөрийн эсрэг тэмцээд байгаа зүйл үгүй. Нутгийн малчид энэ аймгийн хаана нь улс орны эрх ашигт нийцсэн, хууль журмын дагуу ямар төсөл хэрэгжиж байгааг, ямар хууль бус байгааг мэднэ. Улсын хууль тогтоомжоос гадуур хувийн эрх ашиг хайсан хүмүүсийн хөлд л газар нутаг маань үрэгдэж байна. Оюутолгой, Тавантолгой гээд тэртээ тэргүй хэрэгжих ёстой төсөл нь хэрэгжээд явж байгааг монголчууд бүгдээрээ мэднэ. Гэтэл аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд малчид биднийг юу ч мэдэхгүй мэтээр доромжилж, ам таглахыг оролддог. Магад­гүй өөрсдийнх нь эрх ашиг ч байдаг биз” хэмээсэн юм.

Хойшлуулж болохгүй арга хэмжээ авах нэг зүйл бол хууль тогтоомж зөрчих явдал. Цар тахал, хуулийн өөрчлөлт гэх мэт тодорхой шалтгааны улмаас төрийн анхан шатны нэгж болох багийн Иргэдийн нийтийн хурлын сонгуулийг зохион явуулсан нь хууль бус болсон. Олон жишээ байгаагаас ганц нэгийг дурдъя. Тухайлбал, Н.Энхбат гэгч нөхөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гурвантаа сонгогдож, өдгөө Баяндалай сумын иргэдийг аймгийнхаа хуралд төлөөлдөг. Гэтэл Н.Энхбат наймдугаар баг дээр сонгуульд оролцож, зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байжээ.

Өөрөөр хэлбэл, Баяндалай сумын харьяат төлөөлөгч Даланзадгад сумын багийн санал өгөх хуралдаанд оролцон, будилаан хутгаж явах жишээтэй. Тэдний хувьд аль нэг баг, сумын харъяат байхаас үл хамааран, Улсын бүртгэлийн газар дээр сонгуулийн санал өгөхөөс 1-2 хоногийн өмнө бичиг баримтаа бүрдүүлэн, худал үнэнг нь тодорхойлох аргагүй “шилжсэн” гэх баримт үзүүлсэн байна. Эх сурвалжийн хэлж байгаагаас харахад найман баг дээр сонгууль явуулахад АН-ын харъяатууд багуудын хурлыг сэлгэн нэгнээ дэмжсэн аж. Үүнийг голлон зохион байгуулсан Н.Энхбат гэгч нь аймгийн Засаг дарга Т.Сэддоржийн орлогчоор ажилладаг. Т.Сэддорж нь УИХ-ын гишүүн, “Ажнай”  Д.Бат-Эрдэнийн хүн гэхээр аймгийг АН засаглаж байгаагаар түрий барин шат шатандаа хууль зөрчиж байгааг харуулсан хэрэг.

Тодотговол, Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх, нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь бий.

Үүнээс гадна маш олон хууль тогтоомж зөрчсөн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг өөрөө том асуудал. Олон хууль тогтоомж үл тоон сонгуулийг хүчээр авч байгаа нь Монголын эдийн засгийн хамгийн том түшиц аймгийг хэтдээ гартаа хийх гэсэн гадна дотны бүлэглэлийн ашиг сонирхол байгаа юм биш биз.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-0(192.82.73.44) 2022 оны 05 сарын 28

Бараг 10-аад авгай тэжээдэг нөхөр аймгаа тордож додомж баймаар... Гэтэл УИХ-ын гишүүний нэр зүүсэн баян гэж гайхуулдаг нөхөр нь эх орны баялгийг харийнханд наймаалж офшарт мөнгөө хадгалдаг гэж байгаа. Ийм хүнийг эх оронч гэхэд хэцүү л дээ. Олон түмэнд луйварчин, хулгайчаараа дуудуулаад дөжирчихсөн нэгэн бололтой. Сонгосон түмэн өөрсдөө л шахаж шаардахгүй бол элэг барих нь энүүхэнд л юм бна.

1  |  0
s(192.82.82.180) 2022 оны 05 сарын 29

ymarch hereggui niitlel

2  |  1
Top