Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г. Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэллээ.
Тэрбээр “Монголчуудын хувьтай хүн хурнаар гэдэгчлэн бороотой өдөр бид “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр Европын холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа. Түүнчлэн соёл, урлагийн арга хэмжээ бүтэн өдөр үргэлжилнэ. Хүн бүр хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Өдөрлөгийн үеэр Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд паспорт олгох бөгөөд бусад асраар зочлон тамга даруулан, “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг авах юм” хэмээлээ.
УЛААНБААТАР ХОТ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 40 ГАРУЙ ХОТТОЙ НАЙРАМДАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Европын өдөрлөг”-ийн үеэр “Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногт тус өдөрлөгийг зохион байгуулдаг. Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот Европын холбооны хотуудтай эдийн засаг, хамтын ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн чиглэлээр маш олон үйл ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлж ирсэн. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Европын холбооны улсууд болон хотуудтай үйл ажиллагааг улам өргөжүүлж, бизнес, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт өргөжүүлэх бодлоготой байгаа. Мөн дэлхий нийтэд энх тайванч бодлогыг дэмжиж буйд мөн туйлын баяртай байна. Цаашлаад Улаанбаатар хотод олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх, технологийн шинэ дэвшлийг бодитоор бий болгоход Европын холбооны улсууд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт Хотын даргын хувьд итгэлтэй байна. Манай олон мянган иргэн Европын холбооны улсуудад сурч, боловсорч, ажиллаж амьдардаг. Монголын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Европын холбооны улсуудад туйлаас баярлаж байна. Цаашид Европын холбоо, Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээнд хотын иргэд өргөнөөр оролцож, бүх мэдээллийг авах бололцоог бий болгосон Европын холбооны улсуудад болон та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэлээ.
ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕД ДӨХӨЖ БАЙНА
Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг Европын холбооны өдөрлөгт оролцож, үг хэллээ. Тэрбээр:
-Өнөөдрийн энэхүү өдөрлөг нь Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны цар хүрээ, үр дүнг олон нийтэд дэлгэн таниулахад чухал үүрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээн өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ. Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний гэхчлэн бүхий л хүрээнд өргөжин тэлж байгаад таатай байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан буурсан ч 2021 онд 35 хувиар өсөж, нийт худалдааны эргэлт 766.5 сая ам.доллар хүрсэн нь цар тахлын өмнөх үед дөхөж байна. Хоёр талын худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлж, ялангуяа Европын холбооны улсуудын зах зээлд чанартай, найдвартай монгол бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд чухал үүрэгтэй гэлээ.
Европын холбооны өдөрлөгт нийтдээ 70 орчим байгууллага, төсөл хөтөлбөр оролцож, үйл ажиллагаагаа олонд таниулсны дээр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж байна. Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалыг танилцуулахын дээр урлагийн тоглолт үзүүлж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа олонд таниулах зорилго бүхий өдөрлөг бүтэн өдөр үргэлжилнэ. Өдөрлөгт оролцсоноор Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл ( 2 )
Өдөрлөгийн ач холбогдол, үр дүн нь юу байсан бэ? Зүгээр л үг хэлэх явдал уу яг юу вэ?
Ковидоос болж виз авахад мөн онгоцоор явахад их хүндрэлтэй болсон.