Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа

2022 оны 06 сарын 08

Мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалах зорилготой "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг Засгийн газрын өнөөдөр /2022.06.08/ийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр  үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Сүүлийн 5 жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байна.

Малын 90 хувийг нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрч хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг баталснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Техникийн зохицуулалт нь 10 бүлэг 41 зүйл, 615 заалт, 5 хавсралттай.

Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт,  тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, энэхүү харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог хамаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top