Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болдог бол 700 тэрбум ам.долларын хохирол учирсаар байна.
Үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж гэмтэн, 65 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа тухай дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ.
Сүүлийн 5 жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн, 5152 хүүхэд ослын хохирогч болжээ.
Тодотговол, Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авснаас 347 нь хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүйн улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдах гэх мэт байдлаар амь насаа алдсан байна. Бусад 20 орчим хувь нь эцэг, эх, асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртжээ.
Иймд зуны улирал эхэлж, сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор гэр бүлээрээ аялал зугаалгаар явах, зусландаа очиж амрах хугацаандаа эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, дараах зөвлөмжийг хүргэж байна.
ЗӨВЛӨМЖ
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ. Бүү яар, бүү хурдал. Та бүгдийг хайртай үр хүүхэд, гэр бүл чинь хүлээж байгаа
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч М.Эрхэмбилэг.
Сэтгэгдэл ( 0 )