Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгчид Улсын дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийлсэн тэдний байр суурийг хүргэе.
Ч.Өнөржаргал: Иргэд эдийн засаг, сэтгэл санаа, хувь заяагаараа хохирно
-Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хэрэгт ял шийтгэх хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл тоолдог байсныг өөрчилж, яллагдагчаар татсанаар зогсоодог болсон. Энэ хууль батлагдсанаас эхлэн хүчин төгөлдөр болох тул 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргүүд хамаарна. Гэтэл Улсын дээд шүүх 2020 оноос өмнө шалгагдаж байсан хэргийн тухайд "яллагдагчаар тооцсоноор хэрэг шалгах хугацаа зогсоно" гэж тайлбарласнаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн суурь зарчмыг зөрчсөн. Иймд 2020 оноос өмнө хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа иргэдийн хувьд сүүлд батлагдсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагүйгээр хэрэгт шалгагдаж, эдийн засаг, сэтгэл санаа, амьдрал, хувь заяагаараа хохирох нөхцөл үүслээ.
Г.Баяраа: Үндсэн хуулийг уландаа гишгэжээ
-Манай улсад эрүүгийн хэрэг шалгаж байна хэмээн хэдэн жилээр, иргэнээ цаг наргүй шалгаж, өдөр бүр цагдаагийн үүд сахиулж, заримдаа цагдан хорьдог. Мөн хилээр хэдэн жил гарч чадахгүйн улмаас гадагш явж, нарийн эмчилгээ авч чадахгүй амь насаараа хохирох, ажилд орж чадахгүй болох, банкны данс, хөрөнгөө хаалгаснаар хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй, амьд сүг болох замаар залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүлгэсэн гэх шүүмжлэл нийтлэг байдаг. Гэтэл Улсын дээд шүүх сүүлд батлагдсан Эрүүгийн хуулиар өмнө нь үйлдэгдсэн гэх эрүүгийн хэргийг шалгах үндэслэлтэй гэж үзсэнээр дахиад хэдэн ч жилээр шалгах үүдийг нээлээ. Хэрэв гэм буруутай бол шүүхээр шийтгүүлэх, буруугүй бол боломжит богино хугацаанд шалгаад нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуулийн зарчмыг Улсын дээд шүүх уландаа гишгэлээ. Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй.
Б.Мэргэн: Хуулиар биш улс төрөөр шийддэг болох нь
-Монголчууд улс төр бүхний дээр гардаг нөхцөлд амьдарч байна. Улстөржилтөөс болж хууль дээдлэх зарчмыг зөрчиж, Үндсэн хуулиа үл тоодог. Цаашлаад Үндсэн хуульд хүссэн өөрчлөлтөө оруулдаг болох нь. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байх ёстой атал Улсын дээд шүүх гараад суучихлаа. Үндсэн хуульд заасан бүх заалтыг зөрчлөө.
Б.Онолтуяа: Хөөн хэлэлцэх хугацаа байхгүйгээр ял, шийтгэл оноож болохгүй
-Хуульч бид хүнийг тэгш эрхээр хангаж, ялгаварлан гадуурхахгүйгээр хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд хүнийг албан тушаал, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүйгээр үйлчилнэ гэж тунхагласан. Гэтэл Эрүүгийн хуульд оруулсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд заасан хүний эрхэд ноцтойгоор халдсан. Тухайн хүн гэмт хэрэг санаатай болон санамсаргүйгээр үйлдсэн байж болно. Гэтэл шууд яллагдагчаар татаж, хөөн хэлэлцэх хугацаа байхгүйгээр ял, шийтгэл оноож буй нь буруу.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Малууд