Хотын дарга нийслэлийн хамгийн өндөр настай гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

2022 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн хамгийн өндөр настай гэр бүл болох Чогдовын Намдаг, Содовын Адъяа нарт хүндэтгэл үзүүллээ.

Ч.Намдаг, С.Адьяа нар нь гэр бүл болоод 78 жил болж буй бөгөөд хоёул энх тунх, урт удаан хамт амьдарч байгаа, Монгол Улсын хамгийн өндөр настай гэр бүл юм.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ч.Намдаг нь 1921 онд төрсөн, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул иргэн юм. Тэрбээр нийгмийн гурван үе, хоёр жарныг дамжин энх тунх амьдарч байгаагаас 71 жилийг нь нийслэл Улаанбаатар хотод өнгөрүүлжээ. Ч.Намдаг нь улс эх орондоо олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан учраас Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух, Ардын хувьсгалын 1940-1990 оны ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Халх голын байлдааны медалиудаар шагнагдаж байв.

Гэргий С.Адьяа нь 1927 онд төрсөн, 11 хүүхдийн ачит эх, Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга, Гадаадын жуулчдыг үйлчлэх газрын оны аварга, Худалдааны тэргүүний ажилтан цолтой. Тэрбээр нийслэл хотод 70 орчим ажиллаж байгаа бөгөөд Ардын хувьсгалын ойн медалиудаар мөн шагнагдаж байсан аж.

Тус гэр бүл 1973 онд Улаанбаатар хотын “Соёлч гэр бүл”-ээр шалгарч байсан бол 2012 онд Монгол Улсын “Шилдэг гэр бүл”-ээр шалгарч, С.Адьяа нь 2010 онд Улаанбаатар хотын Захирагчаас “Нийслэлийн ачлалт эх” өргөмжлөлийг гардан авч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top