Энэ жилийн баяр наадмаар хүүхэд морьноос унасан тохиолдол бүртгэгдээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 15

 

Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 23 унаач хүүхэд мориноос унаж, нас барсан тухай мэдээлэл цахим орчинд тараад байна.

Дээрх мэдээллийн тухайд энэ жилийн баяр наадмын үеэр унаач хүүхэд нас бараагүй гэх бөгөөд албан ёсны тоон мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүргэлээ.

Энэ талаар Цагдаагийн хошууч Г:Золжаргал хэлэхдээ "Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гол усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй ахуйн эрсдэлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр дөрвөн төрлийн санамж, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг хүн олноор цугласан газруудад түгээж ажилласан.

Мөн бага насны хүүхдийг төөрөх, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бүхий цаасан бугуйвчийг 20000 ширхэгийг хэвлүүлэн хүүхэд, багачуудад зүүж өгч, ажилласан. Ингэснээр бага насны хүүхэд төөрсөн тохиолдол өмнөх жилүүдээс 2 дахин буурсан буюу нийт 83 хүүхэд төөрсөн байсныг олж тогтоон эрсдэлгүй эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн, Баяр, наадмын энэ өдрүүдэд 23 унаач хүүхэд морьноос унаж нас барсан гэх мэдээллийн тухайд "Дээрх мэдээлэл нь энэ жилийн баяр наадмын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл биш. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 06 сарын байдлаар бүртгэгдсэн тоо мэдээллийг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг болгож 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэд олноор амарч зугаалах үед гардаг эрсдэл буюу орон байрны хулгай, гол усны аюул, хүүхэд мориноос унах, зам тээврийн осол зэрэг сэдвийн хүрээнд Нийслэлийн Хангарьд ордонд хийсэн сэрэмжлүүлэг мэдээллийн үеэр дурдагдсан тоо мэдээлэл өнөөдөр цахим орчинд иргэдэд буруу ойлгогдохоор гарч байна. Дээрх 23 тохиолдолыг тодруулбал 2022 оны эхний 6 сарын байдлаар хурдан морины үсэргээ сунгааны үед мориноос унаж гэмтсэн 6, нас барсан 4, бусад буюу малдаа явж байхдаа, эмнэг сургасан, моринд өшиглүүлсэн зэрэг ахуйн хүрээнд 13 хүүхэд хохирсоны 8 хүүхэд нь нас барсан, 5 хүүхэд гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээлэл байгаа юм" гэлээ. 

Мөн тус байгууллагаас өгч байгаа мэдээллээр, энэ жилийн Үндэсний их баяр, наадмаар хүүхэд морьноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн 2 хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдэд нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top