Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр (2022.08.08) үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийлээ.
Энэ талаар хоёр орны сайд нар мэдээлэл хийв. Уг мэдээллээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурийг тодотгон хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг сэргээхээр ярилцлаа.
Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа.
Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуун сухайт, Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )