Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр (2022.08.08) үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийлээ.
Энэ талаар хоёр орны сайд нар мэдээлэл хийв. Уг мэдээллээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурийг тодотгон хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаа талууд нотоллоо.
Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг хоёр тал эрчимжүүлэхээр санал солилцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуун сухайт, Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтайгаа ярилцахаар тохиролцлоо.
Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа.
Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлуудад анхаарна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт цөлжилт шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.
БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг сэргээхээр ярилцлаа.
Манай хоёр улс НҮБ болон Олон Улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээр санал нэгдэн, хүн төрөлхтний аюулгүй байдлыг сахин хамгаалах олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Баялагаа зөөгөөд хөгжсөнгүй гэдгийг ойлгооч, ухаад байдаг өр нэмэгдсээр. Үүнд тайлбар хийсний дараа наад яриаг чинь ойлгох гэж оролдох юм байна.
Яаж Хятадуудыг төсөл хөтөлбөр ажил хийх нэрээр Монгол ахиухан оруулах вэ гэдэг бодлого явагдаж байгаа .Манайхан болохоор нэг их ажил бүтээсэн юм шиг ярих юм.Үнэндээ Хятадын Монголыг эзлэх бодлогыг тойруу замаар дэмжиж байгаа гэдэгээ эрх баригчид байнга санаж байх хэрэгтэй шүү.