Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл ургац хураалтын ажил хаяанд ирж, бэлтгэлээ хангаж байгаа энэ чухал цаг үед тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн Цээл, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн тариаланчидтай уулзаж, санал солилцлоо.
Тариаланчдын зүгээс буудайн борлуулалт, таримлын нэр төрөл, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт, хөнгөлөлттэй зээл олголт, цахим систем, мэргэжлийн хүний нөөцтэй холбоотой санал хүсэлтүүдийг хэлж байлаа.
Сайд З.Мэндсайхан:
“Улс даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон анхаарахын зэрэгцээ энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгаа.
1. Ургац хураалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд барихаар болсон.
2. Энэ намрын ургац хураалтад нийт 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай байгаа учир оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулахаар болсон. Оюутнуудыг сайн дураар ургац хураалтын ажилд оролцуулах ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байна.Төрийн зүгээс тариаланчдын дуу хоолой болсон мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн бодлого, зорилготойгоор ажиллахыг чухалчилж байна. Тиймээс энэхүү уулзалтад салбарын яам, мэргэжлийн холбоод, тариаланчид, орон нутгийн удирдлагууд гэсэн тал бүрийн төлөөлөл оролцож, эх орноо дотоодынхоо хүнсээр тогтвортой хангахад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж байгаа юм.
Газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн багц хууль, тариалангийн эрсдэлийн тухай хууль чухал учраас боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна.” гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.
Тариаланчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаар салбарын сайдтайгаа илэн далангуй ярилцаж, шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )