Оюуны спортын тамирчдаа ОНЦГОЙ урамшуулъя

2022 оны 08 сарын 15

Монголчууд бид наадам хийж наргих дуртай. Ямар сайндаа л есөн хоног наадаж, наадчихаад үргэлжлүүлээд орон нутгийн ой, Даншиг зэрэг ижил төрлийн наадмыг энэ зунжингаа тэмдэглэх вий дээ. Тэгвэл тун удахгүй бас нэгэн наадам болох гэж байгааг сонссон уу. Бараг л сонсоогүй дээ, та нар.

Яагаад гэж үү. Яагаад гэвэл, тэр наадам оюун ухааны наадам болохоор тэр. Морь, бөх бус монгол хүний оюуны бядыг гайхуулах тэр наадмыг нийт монголчууд маань нэг л ойшоохгүй байх шиг. Байх шиг ч гэж дээ, бодит байдал л ийм байна.

Өнөөдөр бид биеийн хүчийг шүтэж, оюуны чадлыг үнэлж чадахгүй байгаа нь үнэн. Магадгүй хөгжлийн үе шатыг маань ч хэмжээд өгч байгаа хэрэг биз. Төр засаг нь ч тэр, түмэн олон нь ч тэр оюун ухааны их мастеруудаа магтан сайшааж, шагнаж урамшуулж, үнэлж чадахгүй байна. Уг нь манай улсад дэлхийд гайхагдсан оюуны хүмүүс бий юу гэвэл, бий. Харамсалтай нь бид тэднийгээ хангалттай үнэлж, дэмжиж чаддаггүй.

Харин хар элгийн өөр улс Монголын тэр оюуны мастеруудыг үнэлж, улс эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцохыг урьж байна.

Жишээ нь, их мастер А.Энхтуулд Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга ирүүлжээ. Энэхүү урилгыг түүнд 44 дэх шатрын олимпт оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээжээ. Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд энэ аравдугаар сард Австри улсад зохиогдох "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлсэн байна.

Их мастер А.Энхтуулын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдсон 44 дэх Дэлхийн Шатрын Олимпиадад нэгдүгээр ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.

Айлын хүүхдүүд ийм айхтар гэдэг шиг оюуны чадлаараа дэлхийд гайхагдаж яваа сор тамирчныг маань биднээс илүү үнэлээд амжжээ. Хоёрхон хоногийн өмнө Энэтхэгт болсон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өндөрлөлөө. Оюун ухааны олимп хэмээгддэг энэ өндөр зэрэглэлийн тэмцээнд манай улсын шигшээ баг чамлахааргүй амжилт үзүүлсэн байна.

Тэр дундаа 17-хон насандаа манай тамирчин Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, шатрын дэлхийн аварга болоод байна. Хүн төрөлхтөний оюуны их мастерууд цугларсан тэр том тэмцээнээс энэ өндөр амжилтыг үзүүлнэ гэдэг амаргүй. Монгол хүний оюуны чадлыг дэлхийд гайхуулсан энэ тамирчнаа эх орон нь хэрхэн хүлээж авах, ямар урамшуулал үзүүлэхийг харах л үлдлээ. Харамсалтай нь морь, бөх байлдаг шигээ хандаж чадахгүй л болов уу. Хандлагаас хамаг учир тайлагддаг.

Тийм өндөр амжилт үзүүлчихээд байгаа охиндоо төрийн өндөрлөгүүд нь амждаггүй юм гэхэд боловсрол, соёлын салбарын сайдууд нь баяр хүргэчихэж болмоор доо. Даанч тэгсэнгүй. Энэ бол Монгол Улс оюуны тамирчдаа огт тоодоггүйн л шинж. Оюун ухааны спортоор амжилт гаргасан тамирчдыг онцолж, урамшуулдаг төрийн байтугай хувийн байгууллага ч цөөхөн.

Олон улсын хэмжээний шатрын тэмцээнүүд, ой тогтоолтын чансаа өндөр уралдаануудад Монголоос цахиур хагалсан амжилтууд багагүй бий. Жишээ нь, ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1115 медаль хүртээд байна. Мөн Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан  юм.

Дээрхээс үзвэл монголчууд дэлхийн хаана ч оюун ухаанаараа гологдохгүй, харин ч дээгүүрт үнэлэгдэж байна. Гэвч монголчууд дэргэдээ байгаа эрдэнээ мэддэггүй. Энэ төрлийн спортоор амжилт гаргаж байгаа тамирчнаа алдаршуулж, урамшуулж чаддаггүй улс. Сумын наадам, сургуулийн ойгоор шөвгөрсөн бөхчүүдээ байлдаг шигээ ч шагнаж чаддаггүй. Мэдээж шагнал урамшууллаар бүхнийг хэмжих гээгүй юм шүү.

Бид юуг үнэлж, юуг урамшуулж, юуг шүтэх эсэхээ өнөөг хэр нь олоогүй яваа ард түмэн шиг санагдана. Уг нь допингод хутгалдаж, цолны наймаа хийж явдаг “бохир” бөхчүүдээс илүү өөрийн тархийг хөгжүүлж, Монгол хэмээх нэрийг дэлхийд оюун ухаанаар алдаршуулж яваа залуу үеэ дэмжвэл дээрсэн. Тэдний ирээдүй Монголын хөгжлийг тодорхойлох нь тодорхой.

С.БАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lude(197.211.53.23) 2022 оны 08 сарын 14

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

0  |  0
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 14

Оюун ухааныг биш бяр чадал шутдэг ард тумэн шуу дээ, хамгийн усан тэнэг бехийг ч шатрын их мастераас хамаагуй дээгуур унэлдэг сонин сэтгэхуйтэй гарууд

0  |  0
mglchuud(150.129.140.172) 2022 оны 08 сарын 14

ter taraagaad bdag gaviyat tsoloo ogoochee ene ohind

0  |  0
Top