Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгаад байна

2022 оны 08 сарын 15

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.

Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байгаа. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top