Орон нутагт ажиллах хүслийг цалин бус гадуурхалт унтраадаг

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

Сумын төвийн эмнэлэгт сувилагч хийж байсан нэг эгч хашаа байшингаа зараад хотод орж ирсэн нь 10 жилийн өмнөх явдал. Харамсалтай нь ажил, мэргэжлээ дээшлүүлэх их зорилготой орж ирсэн тэрбээр гэр хороололд нэг яндан нэмж, Хархорингийн цайны газарт ажиллах болсон юм. Яг үүн шиг хэдэн малаа зараад хот хүрээ бараадсан, ямар ч хамаагүй нэг сургууль төгсөөд их хотод үлдэж, зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байгаа тохиолдлууд өчнөөн бий.

Хөдөөнөөс хотыг зорих их нүүдэл сүүлийн 30 гаруй жил үргэлжилж, өдгөө засаг төрийн толгойны өвчин болсон. Тийм учраас хотод амьдарвал татвар төлдөг байх, хөдөөд ажилд орвол цалинг нь нэмэх тухай олон жил ярьж байна. Тэгвэл энэ Засгийн газрын үед яриа байсан дээрх зүйлийг ажил хэрэг болгохоор шийджээ. Хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, улмаар үүнд зарцуулагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар шийдвэрлэснээ Ерөнхий сайд танилцууллаа. Энэ бол цаг үеэ мэдэрсэн чухал шийдвэр. Жил бүр хэдэн мянгаараа боловсон хүчин төгсдөг ч орон нутаг, сум багт очиж ажиллах нь ховор байсаар байна. Энэ мэдээж амьдралын орчин нөхцөлтэй шууд холбоотой. Нэг хэсэг нь хананаасаа усаа авдаг халуун байранд амьдарч улсынхаа нийслэлд хөдөлмөрлөж байхад хэн л ус түлээгээ зөөсөн хөдөөгийн буйд суманд амьдрахыг хүсэх билээ дээ. Харин цалин нь хоёр дахин их, нэг удаагийн томоохон мөнгөн дэмжлэг авч, байр орон сууцны зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах бол залуухан мэргэжлтнүүд хөдөөг зорих болно. Энэ бол хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг эзэнжүүлэх, эрүүл мэнд болоод боловсролын хүртээмжтэй үйлчилгээг орон нутагт олгоход эдийн засгийн чухал хөшүүрэг болох нь гарцаагүй. Гэвч бид бүхэнд бас давхар бодолцох зүйл бишгүй бий. Сум, багт ажиллаж амьдрахад хамгийн бэрхшээлтэй зүйл бол тухайн орон нутгийн иргэдийн харилцаа хандлага байдаг. Мэргэжилдээ эзэн болсон, халуун дулаан сэтгэлээр нутгийг нь зориод ирсэн мэргэжилтнүүдийг гадуурхах, “цагаач” хэмээн дуудах, элдэв ховонд нэрийг нь хутгах гээд зүй бус асуудал их гардаг гэнэ лээ. Нэг дүү маань их сургуулиа төгсөөд ёстой л өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар хаа байсан говийн нэгэн сумын эмнэлэгт очиж ажилласан юм. Тэрбээр энэ тухайгаа ярьж суугаад төгсгөлд нь “Эхний гурван жилийг л яаж ийгээд давчихвал гайгүй болчихдог юм билээ” хэмээн хэлж байсан. Харин тэрхүү гурван жилийг даван туулахын тулд нэлээд сэтгэлийн хат шаарддаг аж. Үүнээс гадна бас нэгэн том шалгуур байдаг нь орон нутгийн намчирхал, талцал хуваагдал. Улаан намын хүн, цэнхэр намын дэмжигч гэдэг шалтгаанаар олон төрийн албан хаагч дөрвөн жил ажилтай дэнжигнэж, дараагийн нам явбал дөрвөн жил лааз өшиглөдөг байдлаар явж ирсэн нь "нүцгэн" үнэн. Үндсэндээ ийм хоёр шалтгаанаар л орон нутаг эзэнгүйдэж, мэргэшсэн албан хаагчийн хомсдол үүссэн гэж хэлж болно. Нутаггүй цагаачаараа дуудуулж, аль нэг намын гишүүн, улс төрийн хувь үзэлтэй байснаараа гадуурхагдаж байхаар түм түжигнэж, бум бужигнасан их хотын хаа нэгтэй цайны газрын туслах хийсэн нь амар ч байдаг биз. Тэгэхээр нийт иргэдээ сэнхрүүлэх, соёлжуулах, элдэв талцал хуваагдлыг арилгах чиглэлд ч мөн давхар ажил хийх хэрэгтэй. Уг нь орон нутагт ажиллаж амьдрах нь зардал бага, уур бухимдалгүй сайхан шүү дээ.

Засгийн газрын шийдвэрээр одоо орон нутагт очиж ажилласан тохиолдолд хоёр дахин илүү цалин авах нь. Тэгвэл төдийгөөс өдий хүртэл орон нутагтаа ажиллаж, амьдарсаар ирсэн албан хаагчдынхаа цалинг бас хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэнэтхэн нэг нөхөр хотоос ирээд хоёр дахин их цалингаар ижилхэн ажил хийгээд байх нь яаж ч бодсон шударга бус. Тиймээс энэ талын асуудлыг ч гэсэн харгалзан үзэж, ирэх жилийнхээ төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг тусгах нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд орон нутагт ажиллах боловсон хүчин огт байхгүй, дутмаг байгаа юм биш. Тэднийг өөриймсөг угтаж, ялгаварлан гадуурхдаггүй иргэн, иргэд хомсдоод олон олон албан хаагчдын орон нутагт ажиллах хүсэл эрмэлзлийг унтрааж байгаа юм шүү.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.42) 2022 оны 08 сарын 17

аймаг сумдад жалга довын үзэл хэт гаарсан учир мэдлэг чадвартай хүмүүс очиж ажиллах боломжгүй болгосон ....оронд нь мэдлэгээр дульхан, чадваргүй нөхдүүд ажил хийсэн дүр эсгэдэг нь харамсалтай. монгол хөгждөггүй шалтгааны нэг нь энэ мөн.

1  |  0
Чимэд(124.158.65.119) 2022 оны 08 сарын 17

Жалга довын үзлийг бөхчүүд гаргадаг Энгийн иргэдийн дунд талцал хагаралыг АН,хийрхсэн ганц нэгэн гишүүн гаргадаг.Одоо тэртээдээ АН гээч хогийн тантанд орж Улаанчулуутын хогийн цэг дээр нохой шувууны сүрэгтэй нийлэхээр шийдчихэж байхшивдээ 2024 оны сонгуулийн дараа хэрүүл уруул алга болноо.Олон нам сөрөг хүчин гэдэг ажил нураадаг гайхалтай хэрэггүй тогтолцоог30 жил тэвчлээ.Одоо Ойлголоо.Энэ 30 жилд хэн баяжаад офшорт мөнгөө хийсэн бэ гэдэг тодорлоо.МАНАН гэж бүгд мэддэг,харин тэмцэл саараад унтрах маягруу орох нь.анхаарах

0  |  0
Zochin(202.21.108.13) 2022 оны 08 сарын 17

Huduu ochvol huduunii nutgiinnhan havchij gaduurhaad deerelheed zovoodog tul huduu yavah hun oldohgui baina.

0  |  0
ТЭР ҮНЭН(203.91.119.122) 2022 оны 08 сарын 17

ГАДУУРХАЛ АРАЙ Л ДЭНДҮҮ. ЮМ БҮХНЭЭР ХАВЧИЖ БООНО ГЭЭЧ.... НУТАГ ЖАЛГЫН ДОВЫН ҮЗЭЛ АРАЙ Л ..........

0  |  0
Зочин(202.21.108.252) 2022 оны 08 сарын 17

АЙМАГ СУМЫН ИРГЭД ЭЭ!! ТА БҮХЭН НАМЧИРХАЛГҮЙ, ГАДУУРХАХГҮЙ МОНГОЛ ХҮН ШИГ ДАРУУХАН БАЙЦГААНА УУ! ХАРИН ХӨДӨӨ НУТГИЙН ИРГЭД НУТАГ УСАНДАА ИРЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛААЧ‼️ХӨДӨӨГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ.❗

0  |  0
Top