Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав

2022 оны 08 сарын 22

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.08.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.

 

30 461 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖООР ХАНГААД БАЙНА

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал хандуулсан нэгэн асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна. Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. Бид 14 сургуульд нэмэлт зохицуулалт хийж байна. Зохицуулалтын хүчинд дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болно. Нийслэл хотын боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцэх болно гэсэн юм.  

 151 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙНЭ

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай, ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн.  Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байгаа билээ. Энэ тухайд Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг дараах мэдээллийг өглөө.

-Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдээс олгодог болон архи, тамхи борлуулах тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Нийтийн тээвэр, боловсролын салбарт олон талт ажлууд хийгдэж байна. Нийслэлийн хэмжээний 151 өрхийн эрүүл мэндийн төвд цахим шилжилт хийгдэнэ. Авто замын хөдөлгөөний ачаалал,зам тээврийн систем дээр хийж буй ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа. УБЗАА-тай холбоотой тусгай зөвшөөрөл, архи тамхины худалдаа болон дүүргүүдээс иргэдэд үзүүлдэг бүхий л үйлчилгээг аравдугаар сарын 15 гэхэд цахимжуулж дуусгана. Түүний дагуу хяналт шалгалтыг ч мөн цахим хэлбэрт шилжүүлэх юм гэлээ.  

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЭХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА

Цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотой онцлог ажлуудыг Нийслэлийн Засаг дарга тодруулан асуулаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн:

-Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаагаас 440 алба хаагч ээлжээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Хүүхэд багачууд болон хөдөө орон нутгаас ирж буй шинэхэн оюутнуудад замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох, дадал суулгах чиглэлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хотын хэмжээнд шинээр тавигдсан замуудад хөдөлгөөний урсгал хурдацтай байгаа ч зарим авто замд хийж буй замын засвараас шалтгаалан замын хөдөлгөөн саарч байгаа. Ялангуяа Улсын цирк орчимд зам эвдрэлтэй байна гэлээ.

АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГИЙН 5.8 ХУВИЙГ ТОМУУ,ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ЭЗЭЛЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусын эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна гэв.

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгааг мөн үеэр дуулгалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, ЭЦЭСЛЭН ТАНИЛЦУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:

 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах

-Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл  хангах ажлын хүрээнд:

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх

-Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх

-Ерөнхий боловсролын “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих

-Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгаж,  ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах

-Коронавируст халдвар (Ковид-19) болон томуу,томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах

 Төсвийн орлого бүрдүүлэх  чиглэлээр:

-Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул наймдугаар  сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах

-Хотын шуудын орлого төвлөрүүлэгч байгууллагууд энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх

Цаг үеийн бусад  асуудлын хүрээнд:

-Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл боловсруулж байгаатай холбогдуулан  төлөвлөгөөний төсөлд тусгах санал ирүүлсэн байгууллагууд өнөөдрийн дотор дахин нягталж,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдтэй уулзаж саналаа нэгтгэн боловсруулж, эцэслэн танилцуулах

-Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарантуул захын далан дагасан автозамын ажлыг эрчимжүүлэх

-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад онцгой анхаарах

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн барилга, байгууламжийг норм, дүрэм стандартын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй байх

-Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих

-Нийслэлийн хүн амыг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх

-Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд

  1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,
  2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,
  3. Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах.
  4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хорооллын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, золбин нохойг устгах ажлаа шуурхайлах зэрэг үүрэг даалгаврыг  өгсөн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mal(150.129.142.177) 2022 оны 08 сарын 22

Zailaachee

0  |  0
Зочин(202.126.88.121) 2022 оны 08 сарын 22

Өөрөө толгой муутай, дээр нь баахан хоосон толгойтой бөгс долоогчдоор хүрээлүүлчихсэн энэ Сумъяагийн хот удирдах ч дээ, хэцүү л юм болж байх шиг

0  |  0
Top