Хятадын “Бүс ба Зам” гацсан уу

2022 оны 08 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Америкийн дээд албан тушаалтнууд энэ зун дэлхийг тойрон аялж, ядуу буурай орнуудад олон зуун тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ сурталчилсан бөгөөд энэ үеэр Хятадтай өрсөлдөх гэсэн ил тод бус сэдэл мэдрэгдэж эхэлсэн.

Бээжингийн "Бүс ба Зам" гэгддэг хилийн чанад дахь хөгжлийн санаачилга нь Папуа Шинэ Гвинейгээс Кени хүртэлх хурдны замыг хатуу хучилттай болгох, Шри Ланкаас Баруун Африк руу чиглэсэн боомтуудыг барьж байгуулах, дэд бүтцийн төслүүдэд жил бүр олон тэрбум ам.доллар зарцуулж байв. Вашингтон одоо Хятадтай дэлхий даяар өрсөлдөөнөө эрчимжүүлж байгаа тул дэлхийн дэд бүтцийн хөгжилд өөрийн үүргийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бололтой.

Зургаадугаар сард Байден болон хөгжингүй эдийн засагтай долоон орны удирдагч 2027 он гэхэд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбарт хийх бөгөөд үүний 200 тэрбумыг зөвхөн АНУ-аас гаргахаа амласан. Энэ сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Вэнди Шерман өмнөд Номхон далайн бүс нутагт айлчилж, арлын орнуудад дэмжлэг үзүүлэх шинэ түншлэлийг сурталчилсан бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Африкийг чиглэсэн төлөвлөгөөгөө зарлав.

АНУ-ын уг төлөвлөгөө нь Хятадын томоохон "Бүс ба Зам" санаачилгатай адил төстэй байгаа юм. Энэ санаачилга нь хэд хэдэн оронд эерэг болон сөрөг нөлөө үзүүлсэн ч санхүүжилтийн хомсдол, улс төрийн эсэргүүцэл зэргээс үүдэлтэйгээр гацаанд ороод байгаа юм. Түүнчлэн энэ санаачилгыг эдийн засагчид “өрийн урхи” хэмээсэн нь уг санаачилгын нэр хүндийг унагаад буй. Энэ бүхэн Вашингтонд урагш ахих, санхүүжилт шаардлагатай түншүүдтэйгээ хамтран ажиллах боломжийг бий болгож магадгүй юм.

2013 онд буюу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний анхны бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш уг санаачилгын хүрээнд Ази, Латин Америк, Африк болон Европын зарим хэсгийг хамарсан гүүр, боомт, хурдны зам, эрчим хүч, харилцаа холбооны төслүүдийг барьж байгуулжээ. Эдгээр бүтээн байгуулалтын хөрөнгө нь Хятадын  хөгжлийн банкуудаасаа гадна төрийн мэдлийн арилжааны зээлдүүлэгчдээс халааснаас гарсан нь албан ёсны тусламжид тулгуурласан Америкийн загвараас эрс ялгаатай юм.

2013-2017 онд санаачилга хэрэгжсэн эхний таван жилийн хугацаанд Хятад улс жилд дунджаар 85 тэрбум ам.долларыг гадаадад хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан нь бусад томоохон эдийн засгаас хоёр дахин их мөнгөн дүн юм. "Бүс ба Зам” төслүүдийн 35 хувийг  хэрэгжүүлэхэд ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч байгаа талаар  “AidData”-гийн Хятадын хөгжлийн санхүүжилтийн хөтөлбөрийн ахлагч Аммар А.Малик онцолжээ. Тэрбээр эдгээр асуудалд байгаль орчны зөрчил, авлигын дуулиан, хөдөлмөрийн зөрчил зэрэг багтаж байгаа бөгөөд 35 хувь нь зөвхөн Хятадын аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй төслүүдэд хамаарна гэдгийг тодотгожээ.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top