Утаа их, бага байх нь тээвэрлэлт, борлуулалт, агуулахаас шалтгаалах уу?

2022 оны 09 сарын 07

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан өнөөдөр /2022.09.07/ боллоо.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах борлуулалтын цэг, тээвэрлэлтийн асуудлыг нийслэл хариуцаж ажилладаг юм байна. Бид 2021 оны утааны асуудлыг мартаж болохгүй. Өнгөрсөн жил утаа өмнөх жилүүдээс их байсан. Түүнээс болж хариуцлагын асуудал яригдсан. Гэтэл утаа их байгаа нь нийслэлийн хариуцаж буй тээвэрлэлт, борлуулалт, агуулахын асуудалтай хэрхэн уялдаж байгаа юм бэ. “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний найрлага, боловсруулах технологийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх хэрэгтэй” хэмээсэн юм.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдолд эерэг үр дүн үзүүлж байгаа. Гэхдээ автомашинаас ялгарч буй хорт хий их байгаа тохиолдолд түлшний үр дүн харагдахгүй гэдгийг төлөөлөгчид дурдаж байв. Агаарын бохирдолд эзлэх тээврийн хэрэгслийн хорт утааны хэмжээ өнгөрсөн онд 20 хувьтай байсан бол энэ жил 26 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал, түүхий нүүрсээр ажилладаг зуух Улаанбаатар хотод цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68  аж ахуй нэгжийн 88 уурын зуух галлаж  байна. Эдгээр зуухнуудыг үе шаттайгаар буулгах, агаарын бохирдолд нөлөөлөх бусад асуудлуудад онцгойлон анхаарах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгч нар санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top