ОЛОН ӨНГӨ: Есдүгээр сарын уянга

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Ертөнцийн нэгэн гайхамшигт мөч, есдүгээр сар тал дундаа орж, дөрвөн уулын дундах их хотод намрын өнгө хэдийнээ оржээ. Оюутан, сурагчдын хичээл эхэлж хөл дүрэх зайгүй шахам бужигнаж байхад аанай л гуниг төрнө. Тиймээс их хотын чимээнээс түр алсарч Хатан Туулын эрэг хөвөөнөө амсхийвэл голын ус хүйтэн өнгөөр зүрх алгадан урсаж, би намар цаг хэмээн омогшино. Шувуудын ганганаа хүртэл намар шиг өтгөрч, өтгөн дууны цаанаас нь гуниг амтагдана. Голын бургасанд адуу тургилах нь хүртэл намрыг санагдуулж, энэ гунигт бодлоос салах ямар ч ай сав энэ ертөнцөд байхгүй гэж бодно.

Шувууд хэзээ мөдгүй ус нутгаа орхиод өмнийг зорино доо гэж бодохоор цээжин цаана хөндүүрлэж, дуу нь сэтгэлээс алсарна. Тэр нэгэн уйт намар энэхэн лагшинг хурааж бурхан зүг одсон эгч минь бодогдоно. Намайг орхиод сургуульд явсан саахалтын бүсгүй бодогдоно. Нэгэн ширээнд тохой залган суусан ангийн нөхөд минь бодогдоно. Намрын будан дундаас тэмээ хөтлөн алхаж яваа эмээ минь бодогдоно гээд юу эс мундах билээ. Амттай хэдий ч цээжин цаанаас хөндүүрлэн түлхэх энэ бөөн гуниг хаа ч очсон амтагдана. Намрын намарт л ийн гуниж суудагтаа би өөрөө маш их хайртай. Яагаад гэхээр энэ нь надад юутай ч зүйрлэшгүй их жаргал түүчээлэн ирдэг болоод тэр биз ээ. Гэхдээ энэ бол хэн нэгэн хүний дур зоргоороо эдлэх жаргал биш. Гагцхүү 30 намрын бороонд гунигаа жаргал болгон суусан найрагч миний л жаргал билээ. Өчигдөр ч үүн лугаа уран бороонд норсон уран биеийн сайхныг надаас өөр хэн зурах вэ хэмээн омогшихуй дор намрын будант тэнгэрээс бороо хөсөглөн зүсэрч, дөрвөн уул будан манан будандаа хучигджээ. Энэ л орчлонгийн будан дунд хэн нь хаана жаргаж, хэн нь хаана гуниж суугааг таах аргагүй. 

Харин миний жаргахын шалтгаан нь уран  биенээс дуслах намрын борооны уран дуслыг дарс болгон хүртэх. Тэгээд уяхан бие, унаган төрхөнд уусаж, нэгэн агшныг бүтээх юм. Ай уран биенээс дуслах уран бороог дарс хэмээн согтох, бас агсам тавьж чадах нь надаас өөр хэн байх билээ дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top