Авто замын хөдөлгөөн зохицуулалт 38 хувиар буурчээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Монгол Улсын Засгийн газраас 100 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулан нийслэлийн төсөвт үлдээсэн 420 тэрбум төгрөгөөс 100 тэрбум төгрөгийг гаргаж, нийт 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, хамран сургах тойргийг оновчтой тогтоож мөрдүүлэх ажилд зарцуулсан.

Ингэснээр өнгөрсөн жилүүдэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан 30 мянган гаруй хүүхдээс 28 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан. Үлдэж буй хүүхдүүдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулж, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох боломж бүрдсэн юм.

Эндээс түгжрэлийг бууруулахад зориулах хөрөнгө мөнгөнөөс хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах зөв үү гэсэн асуулт урган гарч байна. Тэгвэл боловсролын хүртээмжгүй байдал, хамран сургах тойргийг дагаж мөрдөөгүйгээс шалтгаалж, авто замын ачаалал багагүй хувиар нэмэгддэг болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд нийслэлийн хэмжээнд 110 мянга гаруй хүүхэд хамран сургах тойргийн бус сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг нь судалгаагаар тогтоогдсон. Тэдгээр хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг болон гэртээ хүргэх зорилгоор хөдөлгөөнд оролцдог гэсэн үг.  Тиймээс тэдгээр хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургаснаар түгжрэлд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт бий.

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 14 хоногийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо өмнөх жилийн мөн үеэс 10 хувиар өссөн хэдий ч авто замын хөдөлгөөн зохицуулалтын тоо 38 хувиар буурсан байна.

Тодруулбал, замын түгжрэлээс үүдэж аргагүй нөхцөл байдал үүссэн үед авто замын хөдөлгөөнийг зохицуулахад хүрдэг гэсэн үг. Өнгөрсөн 2021 оны мөн үед 2607 удаа уулзваруудад хөдөлгөөний зохицуулалт хийж байсан бол энэ онд 1617 болж буурсан байх юм. Эндээс автомашины тоо өссөн байтал замын уулзварт үүсэж буй ачаалал эцсийн цэгт хүрэх магадлал багадаа 38 хувиар  хэмжээгээр буурсан нь бодит үр дүн гэж мэргэжилтнүүд тодотгож байна.

Тээврийн хэрэгсэл бүхий иргэний зам дээр өнгөрүүлэх цаг хугацаа төдий хэмжээгээр багасаж байгаа. Замын хөдөлгөөний дундаж хурд 7-11 км цаг байсан бол энэ онд 8-12 км цагийн хурдтай болж, бага боловч нааштай нөлөө харагдаж буй юм. Түүнчлэн хяналтын камерт бүртгэгдсэн ослын тоо 6.4 хувиар буурчээ.

Цаашид хүүхэд бүрийг хамран сургах тойрогт нь хамруулж занших аваас эерэг нөлөөлөл илүү мэдрэгдэнэ гэдэгт боловсролын салбарынхан итгэлтэй байна. Учир нь хамран сургах тойрог буюу тухайн хүүхдийн гэрээс 500 метрийн радиус дотор багтаж буй сургууль, цэцэрлэгийг багтаадаг. Тэгэхээр 500 метр зайд хүүхдээ заавал тээврийн хэрэгслээр хүргэх шаардлагагүй болж, энэ байдал хэвшсэн үед авто замын ачаалалд эерэг нөлөө үзүүлэх юм. Засгийн газар, БШУЯ, нийслэлээс хамтран хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургах үүднээс шинээр баригдсан барилгыг худалдан авч цэцэрлэг болгон ашиглах, орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулах, хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нэмэгдүүлэн олгож хүүхдийн тоог нэмэх, гэр цэцэрлэг байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж буй юм.

Цаашид орон сууцны хотхон, хороолол, суурьшлын бүс бий болгохдоо сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй бол улсын комисс хүлээж авахгүй байх үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга өгөөд байгаа юм. Тиймээс энэ асуудал цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах хэмжээнд шийдэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top