Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ.
Европын Холбоо нь манай улсын ардчилал, нийгмийн шилжилтийг тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд болон цар тахлын үеэр дэмжлэг, туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэв.
Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар урьсанд талархал илэрхийлэв.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэллээ.
Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэв.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа хэллээ.
Иймд Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа хэллээ. Ингэснээр Монгол Улс “Ойн түншлэл” хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болно.
Талууд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буй сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үр өгөөжтэй, бодит үр дүнтэй харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар санал нэгдэв.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан.
Европын Комиссын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хашиж байна.
Сэтгэгдэл ( 0 )