Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд боллоо.
Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагч гэдэг ойлголтыг тодорхойлж тэдгээрийг үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал, асран хамгаалагч тэжээвэр амьтнаа олон нийтийн газар дагуулж явах үедээ зориулалтын хөтөлгөө, хошуувчтай авч явах, нохой, мууранд бичил чип суулгуулж бүртгүүлэх, урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулах, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, олон нийтийн газрыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд цэвэрлэж, хогийн цэгт хаях зэрэг үүрэг хүлээх юм.
Тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.
Дэлхийн 124 орон гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах, хяналттайгаар үржүүлэх, бүртгэх, худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулсан хуультай байдаг байна.
Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.
2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ. Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна.
Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.
Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.
Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байна.
Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг аж.
Нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржүүлэгч 600, Муур судлалын холбоонд бүртгэлтэй дөрвөн үржүүлэгч байдаг ч дийлэнх нь хариуцлагагүй, зөвхөн ашиг олох зорилгоор ажилладаг байна.
Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж.
2020 онд нохойд хазуулсан 3,855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.
Иргэдийн зүгээс гэрийн тэжээвэр амьтантай зүй бусаар харьцаж, амьтны зан араншинг догшруулдаг. Үүнээс гадна нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, өгөөш бай болгох, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэргээр зүй бусаар ханддаг байна.
Дээрх хүчирхийллийн хэлбэрүүд бага насны хүүхэд болон насанд хүрсэн иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд амьтан, хүнтэй зүй бусаар харьцах сэдлийг өдөөж байдаг аж. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах замаар амьтныг хайрлах, энэрэнгүй хандах, хамгаалах төлөвшлийг иргэдэд бий болгосноор хариуцлагатай иргэн гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )